Их Британиас гаралтай коронавирусийн мутаци дэлхийн зонхилох омог болох магадлалтай гэв

Их Британиас гаралтай коронавирусийн мутаци дэлхийн зонхилох омог болох магадлалтай гэв

Их Британийн зүүн өмнөд хэсэгт анх бүртгэгдсэн “B.1.1.7” буюу “Kentvariant” гэж нэрлэгдсэн коронавирусийн шинэ хувилбар дэлхий нийтийг хамарч, зонхилох омог болох магадлалтай талаар тус улсын эрдэмтэд хэлж байна. Одоогоор дэлхийн 50 гаруй оронд бүртгэгдээд буй тус хувилбар нь өнгөрсөн оны есдүгээр сард Их Британид анх илэрсэн. 

Харин саяхнаас B.1.1.7 мутацтай вирус E484K генетик өөрчлөлттэй хэлбэрээр бүртгэгдэж эхэлсэн байна. E484K гэсэн генетик өөрчлөлттэй вирусийг дархлааны эсүүд устгаж чадахгүй тул илүү халдвар тараах чадвартай гэж хэлж болно. Харин энгийн коронавирусээс илүү хүндээр өвчлүүлдэг эсэх нь нотлогдоогүй байна.

Их Британийн Covid-19 судалгааны байгууллагын тэргүүн  Пиакок “Бидний хамгийн их санаа зовоож буй зүйл нь вакцин шинэ мутацийн эсрэг нөлөөлж чадах эсэх асуудал. Учир нь одоо хэрэглэгдэж буй вакцинуудыг коронавирусийн эхний хувилбар дээр судалгаа хийсний үндсэн дээр боловсруулж бүтээсэн” гэжээ. 

Түүний хэлснээр коронавирусээр өвчилсөн хүмүүсийн цөөн тоонд “онцгой хувилбар” илэрдэг. Тодруулбал, халдварлах чадвар өндөр, дархлааны хариу урвалаас зугтдаг, вакцинжуулалтад нөлөөлөх чадвартай, эсвэл илүү хүнд өвчлөл үүсгэдэг байна. Энэ мэт шинэ хувилбаруудын генетик өөрчлөлтийг тогтооход дор хаяж 10 гаруй жил шаардлагатай хэмээн тэрээр хэлжээ. 

Вакцин үйлдвэрлэгчид мутацид орсон вирусийг судалж эхэлсэн ч үйлдвэрлэлд шилжүүлэх, зөвшөөрөл авах гэх мэт асуудлын улмаас хугацаа орох нь тодорхой. Гэсэн ч ДЭМБ-аас өнөөдөр Оксфордын их сургууль, Их Британийн АстраЗенека компанийн вакциныг хэрэглэхийг зөвлөсөн юм. 

Эх сурвалж: CNN