Илон Маск ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг “Clubhouse”-д урьжээ

Илон Маск ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг “Clubhouse”-д урьжээ

Сүүлийн үед iOS үйлдлийн системийн гар утастай хэрэглэгчдийн дунд “Club house” аппликейшн идэвхтэй хэрэглэгдэх болсон.

Clubhouse нь зөвхөн уригдсан хүмүүс хэрэглэгч болдог, дуу хоолойгоор харилцдаг сошиал сүлжээ бөгөөд алдартнууд үүнийг хурал, чуулганы зориулалтаар ашиглан үзэл бодлоо олон хүнд хүргэдэг болоод байгаа юм. Харин уригдсан хүмүүс хамгийн дээд талдаа хоёр хүнийг л урих боломжтой аж.

Харин дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байгаа Америкийн бизнесмэн Илон Маск саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг “Clubhouse” сүлжээнд зохион байгуулах ярилцлагад урьжээ.

Тэрээр Бямба гарагт твиттер хуудсандаа “Clubhouse сүлжээнд та надтай ярилцах уу?” хэмээн Кремлийн албан ёсны хаягт хандан бичсэн байна. Дараа нь тэр орос хэлээр “Тантай ярилцах нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно” гэж бичжээ. Илон Маск ямар сэдвээр ОХУ-ын ерөнхийлөгчтэй ярилцах нь тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт тэр рэппер Кэни Уэсттэй ярилцах гэж байгаагаа зарласан юм. Гэхдээ тэр хэзээ, ямар сэдвээр ярилцах тухайгаа дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

Эх сурвалж: Business Insider