Японы газар нутгаас 13-р зууны үеийн Монгол баатрын төмөр дуулга олдсон гэж мэдээлжээ

Японы газар нутгаас 13-р зууны үеийн Монгол баатрын төмөр дуулга олдсон гэж мэдээлжээ

Японы “Китано Тенмангу” хэмээх эртний сүмээс XIII зууны үеийн Монгол дайчны төмөр дуулга олджээ. 22 сантиметр урт, 23 см диаметр бүхий конус хэлбэртэй уг дуулга нь 2 кг орчим жинтэй бөгөөд сүмийн бунхан байрлуулдаг хэсгээс өнгөрсөн 11-р сард олдсон байна. 

Дуулгыг III сарын 14-ны өдөр хүртэл үзмэрээр тавих аж

Сүмийн захиргаанаас “1271-1368 онд Монголын өвөг дээдэс болох Юань гүрэн Япон руу дайрсан. Японы талаас флотуудаа ялагдал хүлээснийг дурсан санахад зориулж уг дуулгыг бунханд авч ирсэн бололтой” гэжээ. 

Китано Тенмангугаас олдсон дуулга нь хар лакаар бүрсэн, арьсан эдлэлтэй байсан учир Монголын талаас ирсэн хэмээн судлаачид үзэж байна. Гэхдээ яг аль байлдааны үеэр ирсэн гэдэг нь нууц хэвээр байгаа аж.

Хубилай хаан Японыг өөрийн захиргаанд орохыг удаа дараа шаардаж байсан ч тухайн үеийн удирдагч Камакура Шогүнат татгалзсан байдаг. Улмаар 1274, 1281 онуудад Монгол цэргүүд Япон руу хоёр удаагийн дайралт хийсэн ч бүтэлгүйтсэн юм. Японы түүхэнд энэ тухай “тэнгэрийн салхи” гэж нэрлэгдсэн далайн шуурганаас болж Юань гүрний оролдлого бүтэлгүйтсэн хэмээн бичжээ. 

Энэхүү сүмд бурхан болсон хэмээн үздэг Сугавара но Мичизане(845-903)-г Япончууд дайны бурхан хэмээн хүндэтгэдэг. 1268 онд Китано Тенмангу тэргүүтэй 22 бунханд Япончууд Монголчуудтай хийх тулаанд ялуулахыг гуйж залбирдаг байсан тухай  түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Дуулгыг хоёрдугаар сарын 1-ээс гуравдугаар сарын 14-ны өдөр үзмэрээр тавих юм байна. 

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: Asahi