ОХУ-ын тамирчид Токиогийн олимпт ROC гэсэн нэрийн дор оролцохоор болжээ

ОХУ-ын тамирчид Токиогийн олимпт ROC гэсэн нэрийн дор оролцохоор болжээ

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг өнгөрсөн онд ОХУ-ын баг тамирчдын олон улсын томоохон тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан билээ.

ОХУ энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, CAS буюу Спортын арбитрын шүүхэд хандсан. Харин Спортын арбитрын шүүх мэдэгдэл хийж, ОХУ-ын дөрвөн жилийн хоригийг хоёр жил болгон бууруулжээ. Ийнхүү 2021 оны Токиогийн зуны олимп, 2022 оны Катарын хөлбөмбөгийн ДАШТ, 2022 оны Бээжингийн өвлийн олимпод ОХУ-ын төрийн дуулал эгшиглэхгүй болсон юм. Хэрэв энэхүү допингийн хэрэгт холбоогүй гэдгээ нотолж чадвал ОХУ-ын баг тамирчид өөр улсын, эсвэл Олон улсын олимпийн хорооны далбаан дор олон улсын тэмцээн, уралдаанд оролцох эрхтэй болох аж.

Тэгвэл тус улсын тамирчид “Russian Olympic Committe” гэсэн үгний товчилсон хувилбар болох “ROC” гэсэн нэрийн дор Токио болон Бээжингийн олимпод оролцохоор болжээ. Хэрэв тамирчдын дүрэмт хувцас “Оросын олимпын хороо” гэсэн бичигтэй байвал энэ үгийг бүрмөсөн арилгах юмуу “ROC” гэсэн товчилсон үгээр орлуулах шаардлагатай аж. Түүнчлэн тамирчид далбаандаа “ROC” гэсэн товчлол үгийг оруулахын сацуу бусад хэрэгсэл, эд зүйлсдээ “RUS” гэдэг үгийг “ROC”-р орлуулах  ёстой гэнэ.