АНУ “Johnson & Johnson” компаний вакцинд зөвшөөрөл олголоо

АНУ “Johnson & Johnson” компаний вакцинд зөвшөөрөл олголоо

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Johnson & Johnson” /J&J/ компанийн “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олголоо. Америкийн эрх баригчид цар тахалтай тэмцэх гурав дахь вакциныг ийнхүү бүртгэж байна.

“Pfizer”, “Moderna”-гийн вакцинуудтай харьцуулахад энэхүү вакцин нь нэг тунтай бөгөөд олон сарын турш хөргөгчийн температурт хадгалах боломжтой гэдгээрээ онцлог аж.. Энэхүү вакцин нь бүс нутгуудад өөр өөр үр дүн үзүүлсэн бөгөөд халдвараас ерөнхийдөө 66 хувиар хамгаалж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, АНУ-д 72 хувь, Латин Америкт 66 хувь, “B.1.351” хувилбар хурдацтай тархаж буй Өмнөд Африкт 64 хувийн үр дүн тус тус үзүүлсэн байна. “J&J ”-ын мэдээлснээр, вакцин халдварын улмаас эмнэлэгт хүргэгдэх, нас барахаас 100 хувь сэргийлжээ.

Хүнс, эмийн хяналтын газар “J&J”-ын вакциныг 18-аас дээш насныханд тарихыг зөвшөөрсөн бөгөөд тус байгууллагын Вакцин, биологогийн бүтээгдэхүүний зөвлөх зөвлөл уг вакциныг аюулгүй гэж дүгнэсэн юм. “J&J”-ын вакциныг хийлгэсний дараа ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд толгой өвдөх, сульдах, булчин өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрсэн гэж Хүнс, эмийн хяналтын газар мэдээлжээ. Мөн вакцин хийлгэсэн зарим хүнд нус гоожих, халуурах, тариулсан хэсэг хөндүүрлэх зовуурь илэрчээ.

Эх сурвалж: CNN