Мьянмарт цагдаа нар жагсагчдын эсрэг гал нээж, 18 хүн амь үрэгджээ

Мьянмарт цагдаа нар жагсагчдын эсрэг гал нээж, 18 хүн амь үрэгджээ

Өчигдөр/2021.02.28/ Мьянмарын цагдаа нар Янгон, Давей, Мандалай зэрэг хотуудад жагсагчдын эсрэг гал нээж, улмаар 18 хүн нас баржээ. Энэ талаар НҮБ-ын Хүний эрхийн алба жагсагчдын эсрэг хүчирхийллийг буруушааж, 18 хүн амиа алдсан нь баттай мэдээлэл бөгөөд 30 гаруй хүн хүнд, хөнгөн хэлбэрээр шархадсан гэж мэдээллээ. 

Жагсаалд оролцогчид болон эмнэлгийн ажилчдын мэдээлснээр тус улсын хамгийн том хот Янгонд цагдаа нар сум, гранат, нулимс асгаруулагч хий ашигласнаас дөрвөн хүн амь үрэгдсэн байна. Мөн цагдаагийн албан хаагчид жагсагчдад ямар нэгэн анхааруулга өгөлгүйгээр шууд гал нээж эхэлсэн аж.Харин Мандалай хотод болсон томоохон жагсаалд иргэдийн эсрэг усан буу ашиглаж, агаарт гал нээн тараасан байна. Гэвч энэ үеэр нэг иргэн амиа алджээ.

Эсэргүүцэл эхэлснээс хойш баривчлагдсан хүмүүсийн тоо хараахан батлагдаагүй байна. Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн хяналтын бүлгийн мэдээлснээр одоогоор 850 хүнийг хорьсон гэсэн ч амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр хэдэн зуун хүнийг нэмж баривчилжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр Мьянмарын цэргийнхэн бослого дэгдээж, Ан Сан Су Чи тэргүүтэй Засгийн газрын удирдагчдыг хүчээр “түлхэн унагааж” баривчилсан юм. Үүний дараа нэг жилийн хугацаатай онц байдал зарласан. Гэсэн ч иргэд Засгийн газрын тэргүүнүүдийг суллаж, ардчилсан дэглэмд буцаан шилжүүлэхийг шаардаж жагсаж буй нь энэ юм.

Эх сурвалж: BBC