Эрдэмтэд "Pfizer" вакцин хэт таргалаттай хүмүүст хоёр дахин бага дархлаа тогтоож байна гэв

Эрдэмтэд "Pfizer" вакцин хэт таргалаттай хүмүүст хоёр дахин бага дархлаа тогтоож байна гэв

АНУ-ын “Pfizer” болон Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн “BNT162b2” вакцин хэт таргалалттай хүмүүст үр дүн бага үзүүлж болзошгүй талаарх судалгааг Италийн эрдэмтэд өнгөрсөн амралтын өдрүүдэд гаргажээ.

Тодруулбал, хэт таргалалттай хүнд вакцин тарьсны дараа хэвийн жинтэй хүнээс хоёр дахин бага хэмжээний эсрэгбиет үүсэж байгааг тогтоосон байна. Тиймээс хэт таргалалттай хүмүүсийг коронавирусээс хамгаалахын тулд нэмэлт өдөөгч тун хийхийг зөвлөсөн байна. 

Судалгааг нарийвчлан танилцуулбал Ромын “Istituti Fisioterapici Ospitalieri” хүрээлэнгээс 248 эрүүл мэндийн ажилтанд “Pfizer” вакцины хоёр тунг хийсний дараа үүсэх эсрэгбиетийн хариу урвалд судалгаа хийжээ. Вакцины хоёр дахь тунг хэрэглэснээс долоон хоногийн дараа нийт ажилчдын 99.5 хувьд нь эсрэгбиет үүссэн бөгөөд коронавирусийн халдвар авч эдгэсэн хүмүүсийнхээс өндөр түвшинд байсан аж. Гэвч  илүүдэл жинтэй, хэт таргалалттай хүмүүст хоёр дахин бага эсрэг бие үүссэн байжээ. 

Өмнө нь судлаачид биеийн жингийн индекс (БЖИ) -ийг 30-аас дээш байх нь коронавирусийн халдвараар нас барах эрсдэлийг 50 хувиар, хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 113 хувиар нэмэгдүүлдэг талаарх судалгааг мөн гаргаж байсан.

Таргалалттай хүмүүс зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй байх нь түгээмэл байдаг бөгөөд биеийн илүүдэл өөх нь инсулины эсэргүүцэл, үрэвсэл зэрэг бодисын солилцооны өөрчлөлтийг үүсгэж, бие махбодыг халдварын эсрэг тэмцэхэд саад учруулдаг байна.

Тус хүрээлэнгийн эрдэмтэд "таргалалт нь халдвар авсан хүмүүсийн өвчлөл, нас баралтын эрсдэлт хүчин зүйл болдог тул энэ бүлэгт чиглэсэн үр дүнтэй вакцинжуулалтын хөтөлбөрийг төлөвлөх шаардлагатай" гэж үзжээ. 

Эх сурвалж: Guardian




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө