ВИДЕО: ОХУ-д болсон жүдо бөхийн тэмцээний үеэр 100 гаруй хүнийг хамарсан зодоон болжээ

ВИДЕО: ОХУ-д болсон жүдо бөхийн тэмцээний үеэр 100 гаруй хүнийг хамарсан зодоон болжээ

Энэ сарын 27-нд Каспийск хотод болсон Хойд Кавказын Холбооны дүүргийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олон нийтийг хамарсан томоохон зодоон болжээ. Тус зодоон юунаас болж үүссэн гэдгийг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд тэмцээнд оролцогчдын хоорондын зөрчилдөөнөөс үүдсэн байж болзошгүй байна.

Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, 73 кг-ийн жинд барилдаж байсан хоёр тамирчны нэг нь ялах үед үзэгчдийн суудалд байсан хэдэн хүн “ура” гэж хашгирахад унасан тамирчныг дэмжиж байсан нэгэн эр уурлан, сөргөлдөж зодоон эхэлсэн хэмээж буй юм. Улмаар анх дөрвөн хүн оролцож байсан зодоонд ойр хавьд сууж байсан үзэгчид нэмэгдэн, цаашлаад тамирчид, дасгалжуулагчид ч оролцож 100 гаруй хүнийг хамарсан томоохон зодоон болсон байна. Тиймээс цагдаа нар хүч хэрэглэн зогсоожээ.

Энэ явдлыг ОХУ-ын Жүдо бөхийн холбооноос ТАСС агентлагт мэдээлэхдээ “Спорт хүчирхийллийг зөвшөөрдөггүй. Тиймээс зодоонд оролцсон тамирчид, дасгалжуулагчдийг олж тогтоон, хариуцлаг тооцож байгаа. Ойрын үед сахилгын комисс хуралдаж, хэрэг явдлыг авч үзнэ” гэж мэдэгдээд байна.