А.Навальныйг хатуу дэглэмт шорон руу шилжүүлжээ

А.Навальныйг хатуу дэглэмт шорон руу шилжүүлжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг Москва хотоос 100 км зайд орших Владимир мужийн шорон руу шилжүүлжээ. Уг шоронд ихэвчлэн хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ял эдэлдэг бөгөөд хоригдлуудаар биеийн хүчний ажил хийлгэж, хатуу дэглэмд байлгадаг аж. 

Өмнө нь сөрөг хүчний идэвхтэн Константин Котов мөн тус шоронд нэг жил хоригдож байсан юм. Тэрбээр шоронгоос гарсныхаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа маш хүнд хэцүү нөхцөлд байсан талаараа ярьсан байдаг.

Тодруулбал, түүнийг байнга айлган сүрдүүлдэг байсан бөгөөд шоронгийн харуултай мэндлэлгүй өнгөрөх, хэн нэгнээс хувцас эд зүйл зээлж авахад хүртэл шийтгэдэг байсан гэжээ. Мөн тэрбээр “Алексей тэнд маш хэцүү цаг үеийг туулах болно. Би юу ч хийгээгүй хэрнээ эхний өдрөө сэтгэлзүйн хувьд маш том дарамтад орсон” хэмээжээ. 

Түүнийг ийн ярилцлага өгсний дараа Оросын Шоронгийн албаны дарга Александр Калашников “Навальныйгийн эрүүл мэнд, амь насанд ямар ч аюул занал учруулахгүй” хэмээн мэдээлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Москва хотын шүүхээс А.Навальныйд 3,5 жилийн хорих ял оноосон. Түүнийг өмнөх тэнсэн харгалзах ялынхаа журмыг зөрчсөн хэмээн буруутгасан юм. 

Эх сурвалж:  Bloomberg