И.Мөнхжаргал: АН-ын даргын сонгуулийн санал хураалт цахимаар явагдахгүй

И.Мөнхжаргал: АН-ын даргын сонгуулийн санал хураалт цахимаар явагдахгүй

Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал Ардчилсан намын даргын сонгуулийн үйл явцтай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тус намын даргын сонгуулийн сурталчилгаа эхлээд долоо хоног, цахимаар гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаад таван өдөр өнгөрч байна. Энэ хугацаанд нэр дэвшигчид цахимаар Архангай, Баянхонгор, Баян-өлгий, Говь-Алтай, Говь-сүмбэр, Булган, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нийт 6500 орчим гишүүд, дэмжигчидтэй уулзаж, өөрсдийн бодлого, шийдвэр, мөрийн хөтөлбөрийг танилцуулж, сурталчилгааны ажил хэвийн үргэлжилж байна.

Нэр дэвшигчид гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гурван удаагийн бодлогын халз мэтгэлцээнийг гурван шатлалтай хийх юм.

Мөн АН-ын дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийн сонгуулийн саналын хуудас хэвлэгдэн гарсныг санал хураалтын үеэр халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлахтай холбоотой зөвлөмжийн хамт бүх аймаг, дүүргүүдэд хүргэгдээд байгааг хэллээ. Өнөөдрөөс эхлээд бүх сумдад хүргэгдэж байгаа юм байна. АН-ын дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулж байгаа сонгуульдаа идэвхитэй оролцоно гэж 330 сум, 172 хэсгийн хорооны гишүүд дотоод сонгуулийн хороондоо саналаа илэрхийлж байгаад талархлаа илэрхийлээд АН-ын даргын сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах, буруу ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байгаад залруулга, тайлбар мэдээллийг өглөө.

АН-ын даргад нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд бүртгэсэн бөгөөд гуравдугаар сарын 12-26-ны өдрүүдэд сонгуулийн сурталчилгааны компанит ажил үргэлжилнэ. Гуравдугаар сарын 28-ны өдөр сонгуулийн санал хураалт уламжлалт цаасан хэлбэрээр явагдна.

Ямар нэгэн цахим хэлбэрээр Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалт явагдахгүй болохыг Дотоод сонгуулийн хорооноос албан ёсоор мэдэгдлээ.

-АН хоёр хуваагдаж, иргэдийг төөрөгдүүлж, нөгөө талд Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдлоо гэдэг мэдээлэл гараад байна. Аль нь албан ёсны Ардчилсан нам юм бэ?

-Энэ талаар олон удаагийн тайлбарыг өгсөн. Дахин нэг тайлбарлахад Ардчилсан нам бол нэг дүрэмтэй нэг нам. Бодлого шийдвэрийн хувьд хоёр зөрүүтэй шийдвэр гаргаад явж байгаа хуучин удирдлагуудын хооронд зөрчил байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ нь нийгэмд буруу ташаа ойлголт төөрүүлж байна. Санаатай, санаандгүй байдлаар намын даргын сонгуулийн сурталчилгааны ажлыг үймүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагаар янз бүрийн мэдээлэл тарааж байгаа нь эзэнтэй. Ардчилсан нам ганцхан Дотоод сонгуулийн хороог намын их хурлаас байгуулна. Намын их хурлаас дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай энэ байгууллагыг байгуулдаг. Энэ байгууллага намын удирдлага хэн байх, хэд байхаас үл хамааран зөвхөн намын даргыг тодруулах сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулна. Маргаантай байдлыг цэг тавих зорилгоор Дотоод сонгуулийн хороо намын даргыг сонгох сонгуулийн зарласан. Энэ дагуу бүртгэгдсэн дөрвөн нэр дэвшигч маргаанд эцсийн цэгийг тавина. 200 мянган гишүүнээсээ сонгогдож гарч ирсэн нь жинхэнэ намын дарга байна. Дахин нэг сонгуулийн байгууллага гэсэн тоглоомын байгууллага байгуулж, намын нийт гишүүд, иргэдийг үймүүлж байгаа явдалд үнэхээр харамсаж байна.

-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд С. Эрдэнэтэй уулзаж, ажлын хэсэг байгуулж, зөвшилцөхөөр болсон гэдэг мэдээлэл байна. Ойлголцолд хүрсэн үү?

-АН-ын бүлгийн гишүүд хуучин удирдлагатай уулзсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэдэг мэдээлэлтэй байна. Удирдлагууд маань уулзаж, намынхаа хэтийн зорилгод санаа тавьж байгаа бол намын жирийн гишүүнийхээ хувьд баяртай байна. Гэхдээ сонгуулийн байгууллага аливаа нэг нам, намын дарга, бүлгийн гишүүд зөвшилцсөнөөр сонгуулийн сурталчилгааны хугацаа, тов, санал хураах өдөр өөрчлөгддөггүй. Дотоод сонгуулийн хороо гэдэг байгууллагыг хараат бусаар байгуулсны учир нь энэ. Ямар нэгэн зөвшилцөл явагдлаа гэхэд сонгуулийн үйл явц өөрчлөгдөхгүй. Намын удирдлагууд ойлголцоод явбал намын гишүүнийхээ хувьд баяртай байх болно.