“Pfizer”-ийн хүүхдүүдэд зориулсан вакцин 100 хувийн үр дүн үзүүлжээ

“Pfizer”-ийн хүүхдүүдэд зориулсан вакцин 100 хувийн үр дүн үзүүлжээ

Герман, Америкийн “Pfizer” болон “BioNTech” компаниуд хүүхдэд зориулсан вакцины туршилтаа эхлүүлж буйгаа оны өмнөхөн мэдэгдэж байсан. Тэгвэл туршилтын үр дүнгээ өчигдөр /2021.03.31/ танилцууллаа. Тодруулбал, вакциныг 12-15 насны 2260 хүүхдэд туршихад вирусээс хамгаалах 100 хувийн дархлаа тогтож байжээ. Энэ нь 16-25 насныханд үзүүлсэн үр дүнгээс давсан үзүүлэлт юм.

АНУ-д одоогоор уг вакциныг 16 болон түүнээс дээш насны хүмүүст тарьж буй. Туршилтын үр дүнгийн мэдээллээ “Pfizer/BioNTech” ойрын хугацаанд АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт хүргүүлэхээр төлөвлөж буйгаа мөн мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт “Pfizer/BioNTech”  зургаан сартайгаас 11 настай хүүхдүүдийг хамруулах эмнэлзүйн туршилтаа эхлүүлж, 5-11 настай хүүхдүүдэд вакцины эхний тунг тарьж эхэлснээ мэдэгдсэн. Цаашид 2-5 настай, 6 сартайгаас 2 настай хүүхдүүдэд үе шаттайгаар вакцин хийх юм. Энэхүү туршилтад 4464 хүүхдийг хамруулахыг төлөвлөж байгаа бөгөөд үр дүн нь 2021 оны эцсээр гарах төлөвтэй байна.

“Pfizer”-аас гадна АНУ-ын “Moderna” компани хүүхдэд зориулсан вакцины туршилтаа эхлүүлээд байгаа юм. Хүүхдэд зориулсан вакциныг эмнэл зүйд нэвтрүүлснээр сургуулийн үйл ажиллагаа хэвийн болоход ахиц гаргана хэмээн эрдэмтэд найдаж байна.

Эх сурвалж: BBC