Алексей Навальный хорих ангидаа өлсгөлөн зарлаж эхэлжээ

Алексей Навальный хорих ангидаа өлсгөлөн зарлаж эхэлжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг Москва хотоос 100 км зайд орших Владимир мужийн шорон руу өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг шоронд ихэвчлэн хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ял эдэлдэг бөгөөд хоригдлуудаар биеийн хүчний ажил хийлгэж, хатуу дэглэмд байлгадаг аж.

Тэрээр өчигдрөөс эхлэн хорих газрын нөхцөл байдлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн зарим эх сурвалжууд Навальныйгийн нуруу, баруун хөл нь өвдөж, нойргүйтсэн боловч түүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байгаа тул өлсөлөн зарласан хэмээн мэдээлж байгаа юм.

Өмнө нь сөрөг хүчний идэвхтэн Константин Котов мөн тус шоронд нэг жил хоригдож байсан юм. Тэрбээр шоронгоос гарсныхаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа маш хүнд хэцүү нөхцөлд байсан талаараа ярьсан байдаг. Тодруулбал, түүнийг байнга айлган сүрдүүлдэг байсан бөгөөд шоронгийн харуултай мэндлэлгүй өнгөрөх, хэн нэгнээс хувцас эд зүйл зээлж авахад хүртэл шийтгэдэг байсан гэжээ. Мөн тэрбээр “Алексей тэнд маш хэцүү цаг үеийг туулах болно. Би юу ч хийгээгүй хэрнээ эхний өдрөө сэтгэлзүйн хувьд маш том дарамтад орсон” хэмээжээ. Москва хотын шүүхээс А.Навальныйд 3,5 жилийн хорих ял оноосон. Түүнийг өмнөх тэнсэн харгалзах ялынхаа журмыг зөрчсөн хэмээн буруутгасан юм.

Навальныйгийн хоригдож буй Владимир мужийн шорон