ТОЙМ: Улс төрийн хамтрагчид нь Х.Баттулгыг өргөөд гудамжинд гаргачихлаа

ТОЙМ: Улс төрийн хамтрагчид нь Х.Баттулгыг өргөөд гудамжинд гаргачихлаа

Үндсэн хуулийн 30.2-д “Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан тул Х.Баттулга болон өмнө нь тус албан тушаалыг хашиж байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж Үндсэн хуулийн цэц үзэж, тус дүгнэлтийг нь УИХ хүлээж авсан нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байна.

Улмаар тус шийдвэрийг эсэргүүцэж Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн мэдэгдэл, ЗХЖШ очсон үйлдэл зэрэг нь олон хүний дургүйг хүргэж, өөрөөсөө түлхэв бололтой. Мөн Ардчилсан нам /АН/ ч түүний энэ үйлдлийг зөвтгөж, өмөөрсөн мэдэгдэл хийсэнгүй. Энэ нь ч аргагүй аж.

Учир нь сүүлийн 4 жилийн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга “цаазын ялыг сэргээнэ, Ерөнхийлөгчийн засаглалтай болно, гаднын хөрөнгө оруулалтыг хөөж гаргана” зэргээр АН-ын үзэл баримтлалын эсрэг явж, нөгөөтэй тус намыг хоёр хувааж, уналтын доод цэгт нь хүргэсэн гэж буй. Иймд түүнийг дахин дэвших боломжгүй гэх цэцийн дүгнэлтийг сонссон АН-ын олонх гишүүд гомдлоо тайлж, хундага тулгасан гэж буй юм.

-“МОНГОЛ МОРЬ УРАЛДАНА”, “МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ УСТГАНА” ГЭЖ МЭДЭГДЭЖ “ҮАБЗ-ИЙГ ИНСТУТИ” БОЛГОН ХӨГЖҮҮЛЭВ-

Товчхондоо, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын улс төрийн хамтрал Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс эхэлсэн. Тодруулбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол наадамд Монгол морь л уралдах ёстой” гэж мэдэгдсэн нь Х.Баттулгыг дэмжиж буйн илэрхийлэл, түүний сурталчилгааны нэг хэсэг байв.

Улмаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын даргад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваатай өрсөлдөж ялалт байгуулсан бол тэрээр удалгүй Ерөнхий сайд болсон.

Мөн тэд хамтарч “МАНАН бүлэглэлийн эсрэг ард түмний жагсаал” гэгчийг зохион байгуулж, УИХ-ын дарга М.Энхболдыг гудамжинд гаргаж байв. Үүний дараа тэд Шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хууль, АТГ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”-өөс зөвлөмж гаргаж тус газруудын бүтцийг өөрчилдөг болгосон. Улмаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах санал хураалтад УИХ-ын Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар Ерөнхийлөгч Х.Баттулгын заавраар хөдөлж, “Засгийн газрыг огцруулах нь буруу” гэж санал өгсөн нь УИХ дахь АН бүлэг, цаашлаад АН хуваагдах, нөхцөл бүрдсэн гэдэг. Товчхон дурдсан дээрх үйл явдлуудыг Ерөнхийлөгч Х.Баттулга удирдан чиглүүлж, зохион байгуулж байсан гэхэд болно. Харин эцэст нь МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнээс нүүр бурууллаа.

-ШАДАРЛАЖ ЯВСАН УЛС ТӨРИЙН БАГ НЬ Х.БАТТУЛГЫГ ГУДАМЖИНД ГАРГАЧХАВ-

“Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа сонгоно” гэх заалт 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байв. Гэтэл тухайн үед ЕТГ-ын дарга байсан З.Энхболдын санал, санаачилгаар хугацааг наашлуулжээ. Өөрөөр хэлбэл, З.Энхболдын санаачилгыг УИХ хэлэлцээд 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөхөөр баталсан байдаг.

Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулиа уншсангүй юу, эвсэл УИХ-ын дарга Г.Занданшатарын “боломж байгаа” гэх үгэнд итгэж яваад алдсан уу үү, ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй боллоо.

Сонирхуулахад, 2019 онд арван нэгдүгээр сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийг соёрхон батлах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатараас “надад боломж байгаа биз” гэж асуухад Г.Занданшатар “боломж байгаа” гэж толгой дохиод ҮХНӨ дээр гарын үсэг зуруулсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Товчхондоо, Ерөнхийлөгч Х.Баттулгын хажууд нь явсан ЕТГ-ын дарга, хамтарч улс төр хийж явсан Ерөнхий сайд асан нь өргөөд гудамжинд гаргачихлаа. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль Х.Баттулга үгүй болно. Галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөн. Харин Х.Баттулга МАН ч, АН ч үгүй, улс төрийн баг ч үгүй ганцаар гудамжинд гарлаа. Харин тэрээр жирийн иргэн болсны дараа юу хүлээж байгаа бол гэдгийг одоо бодох л үлдэж байна. Учир нь тэрээр төсвийн ерөнхий захирагч биш хэрнэ төмөр зам бариулж, Салхитын мөнгөний ордыг авч, орлогыг нь ахмадуудад тараасан гээд хөндүүр сэдэв ихтэй үлдэж байна.