Сураггүй алга болсон Индонезийн шумбагч хөлгийн хуваагдсан хэсгүүдийг далайн ёроолоос олжээ

Сураггүй алга болсон Индонезийн шумбагч хөлгийн хуваагдсан хэсгүүдийг далайн ёроолоос олжээ

Энэ сарын 21-ний өдөр Индонезийн “KRI Nanggala-402” тэнгисийн шумбагч онгоц Бали арлын эргээс 100 км зайд сургуулилт хийж байгаад холбоо тасарч, сураггүй алга болсон юм. Бямба гарагт 53 хүн зорчиж явсан уг шумбагчийн хүчилтөрөгч дуусахад 72 цаг үлдээд байсан талаар мэдээлж байсан бол өчигдөр буюу Ням гарагт хөлөг гурван хэсэгт хуваагдан живж, хөлгийн багийн гишүүн 53 хүн амьд олдох найдлагагүй болсныг Индонезийн армийн генерал Хади Тяхяанто мэдэгджээ.

Шумбагч хөлөг нь гадна бүрхүүл хэсэг, хитэг, эх бие гэсэн гурван хэсэгт хуваагдсанаас эх бие нь эвдэрч, задарсныг далайн ёроолоос авсан гэрэл зураг харуулсан байна. Осолд хөлгийн багийн гишүүд буруугүй, хуучирсан техникийн элэгдэл нөлөөлсөн гэх урьдчилсан таамаг яригдаж байгаа гэнэ.

Анх хөлөг холбоо тасарсны дараа Индонезийн армийн байлдааны хөлгүүд эрэн хайх ажилд яаралтай дайчлагдсан бөгөөд тус улсын засгийн газар хөрш Сингапур, Австрали улсуудаас мөн тусламж хүсээд байсан юм. Сая живсэн KRI Nanggala-402 хөлөг нь 44 жилийн өмнө Германд үйлдвэрлэгдэж, 2012 онд их засвараас гарч байжээ.




Өнөөдөр могой өдөр

24 минутын өмнө