ВИДЕО: Иракийн COVID-19-ийн эмнэлэгт хүчилтөрөгчийн сав дэлбэрч 82 хүн амь үрэгджээ

ВИДЕО: Иракийн COVID-19-ийн эмнэлэгт хүчилтөрөгчийн сав дэлбэрч 82 хүн амь үрэгджээ

Иракийн нийслэл Багдад хотод байрлах “Ибн аль-Хатиб” эмнэлэгт Бямба гарагт/2021.04.24/ томоохон хэмжээний түймэр гарсны улмаас 82 хүн амь үрэгдэж, 110 хүн шархаджээ. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар хүчилтөрөгчийн сав дэлбэрсний улмаас үүссэн гэж дүгнэсэн байна. “Ибн аль-Хатиб” нь Багдадын коронавирусийн халдвар авсан хүмүүсийн хэвтэн эмчлүүлдэг томоохон эмнэлэг байсан юм.  

Дэлбэрэлт гэнэтхэн болсон бөгөөд эрүүл мэндийн ажилтнууд болон иргэний хамгаалалтын баг 200 гаруй хүнийг галын аюулаас аварч, нүүлгэн шилжүүлсэн байна. 

Уг хэрэгт холбогдуулан Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Кадими Эрүүл мэндийн сайд Хассан ат-Тамими, Багдадын захирагч Мохаммед аль-Атта нарыг түтгэлзүүлэх тушаал гаргаснаа танилцуулж, талийгаачдын ар гэрт 10 сая ирак динар/6800 ам.доллар/ өгөхөө мэдэгджээ. 

Талийгаачдыг оршуулж буй нь

Олон нийтийн сүлжээнд дэлбэрэлтийг хэн нэгний санаатай үйлдэл гэсэн мэдээлэл түгэж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Иракын Ерөнхийлөгч Бархам Салих хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, буруутай нь тогтоогдсон хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой бөгөөд энэ бол хэн нэгний санаатай үйлдэл бус хэсэг бүлэг хүний хариуцлага алдсанаас үүдэлтэй осол гэж мэдэгджээ.

ВИДЕО:

Эх сурвалж: CNN