Энэтхэгийн засгийн газрыг шүүмжилсэн зарим жиргээг твиттерээс устгуулжээ

Энэтхэгийн засгийн газрыг шүүмжилсэн зарим жиргээг твиттерээс устгуулжээ

Энэтхэгийн засгийн газраас өчигдөр/2021.04.25/ “коронавирусийн дэгдэлтэд Засгийн газрыг буруутгасан, ялангуяа орон нутгийн хууль тогтоогчдыг буулгахыг хүссэн жиргээнүүдийг” устгах хүсэлтийг твиттерт илгээсэн юм. Үүний дараа “Твиттер” Энэтхэгийн Засгийн газартай холбоотой “зарим жиргээг үзэх боломжгүй болгосон” хэмээн Ройтерс мэдээлжээ.

Твиттер чухам ямар жиргээг “үзэх боломжгүй” болгосон талаараа тодорхой мэдэгдээгүй ч орон нутгийн хэвлэлүүдийн бичиж буйгаар Ерөнхий сайд Нарендра Модиг ковидын нас баралтад хариуцлага хүлээлгэх тухай, вирус дэгдэж байхад улс төрийн цуглаан зохион байгуулахыг зөвшөөрсөн, зохион байгуулсан зэрэгт буруутгасан жиргээнүүд багтжээ.  Мөн Энэтхэгийн нөхцөл байдлын талаар мэдээлсэн хэд хэдэн жиргээг хаажээ. 

Үүнд Энэтхэгийн ард түмэн ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Засгийн газрын зүгээс твиттерт илгээсэн хүсэлтдээ 2000 онд баталсан Мэдээллийн технологийн тухай хуулийг иш татсан юм. Өөрөөр хэлбэл, хаалгах хүсэлт тавьсан жиргээнүүд уг хуулийн “хуурамч мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх” гэсэн заалтад хамаарч байна гэжээ.  

Энэтхэгийн засгийн газар орон нутгийн сонгуульд зориулж улс төрийн цуглаан хийх, Хинду шашны наадам зохион байгуулахыг зөвшөөрсөн нь халдварыг эрчимжүүлэх нөхцөл болсон гэж иргэд нэлээдгүй шүүмжилж байгаа юм. 

Эх сурвалж: BBC