ХӨШИГНИЙ АРД: Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын “ЗӨРЧИЛ” хурцдаж, Ц.Анандбазарыг эргүүлэн татах асуудал шуударчээ

ХӨШИГНИЙ АРД: Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын “ЗӨРЧИЛ” хурцдаж, Ц.Анандбазарыг эргүүлэн татах асуудал шуударчээ

Эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нөхцөл байдал хүндэрсээр байна. Хамгийн сүүлийн мэдээллийг сануулбал, энэ сарын 28-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг өгч Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг хэлэлцэхийг Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгасан. Цаашлаад уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгаж олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн билээ.

-ЭРГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛААР БҮЛГИЙН ГИШҮҮД ТОДОРХОЙ БАЙР, СУУРЬ ИЛЭРХИЙЛЭЭГҮЙ-

Түүнээс өмнө сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” баримтат нэвтрүүлгийг гаргаж олон нийтэд ил болгосон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн прокуророос уг нэвтрүүлэгт гарч буй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгаж тогтоох үүргийг цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Тэгэхээр Ц.Анандбазар гишүүнд холбогдох асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн гэсэн үг.

Дээрхээс гадна УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртсөн гэх Б.Сүндэръяа цагдаад хандсанаас гадна сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа болон хүчирхийллийн эсрэг “ME TOO” хөдөлгөөнөөс УИХ-ын дарга Г.Занданшатар, Ёс зүйн байнгын хороо, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгт хандаж ёс бус үйлдлийг хэлэлцэх улмаар эргүүлэн татах шаардлагыг тавиад байна. Ц.Анандбазарын хийсэн үйлдэлд заавал хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлагыг олон нийт хүчтэй шаардаж байгаагийн нөгөө талд хохирогч байж болзошгүй иргэд ч зоригтой гарч ирж ярьж байгаа юм.

Тэгвэл Ц.Анандбазар эргүүлэн татахтай холбоотой уг асуудал цаашид хэрхэн, яаж өрнөх нь олны анхаарлыг татаж буй. Уг асуудал сөхөгдсөний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эргүүлэн татах асуудлаар байр, сууриа илэрхийлсэн бол энэ өдрүүдэд МАН-ын бүлгээр ярилцаж эхэлсэн байна.

Тодруулбал, энэ долоо хоногийн /2021.04.26/ бүлгийн хурлаар авч хэлэлцсэн бөгөөд гишүүд ч байр, сууриа илэрхийлсэн байна.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед намын нэр хүндийг унагаж байна. Сонгуулийн үр дүнд нөлөөлж мэднэ гэж ярьсан гэх.  Гэхдээ Ц.Анандбазарыг эргүүлэн татах эсэхээр бүлгийн гишүүд яг, таг тодорхой байр, сууриа илэрхийлээгүй ч хүний эрхийн зөрчилтэй холбоотой учир намаас дуугарах ёстой. Муухай харагдахгүйн тулд ядаж эмэгтэй гишүүд ярих ёстой гэцгээжээ. Үүнээс гадна хууль, хяналтын байгууллагаар шалгаж дуустал асуудлыг хүндрүүлэх шаардлагагүй гэх байр, суурийг ганц, хоёр гишүүн илэрхийлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Ямартай ч МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Х.Булгантуяа нар хүчирхийллийг эсэргүүцэж байна хэмээн цахим хаягтаа байр, сууриа илэрхийлж “Me Too” хөдөлгөөнд нэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр болон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар “Ме Too” хөдөлгөөнийг дэмжиж эргүүлэн татах асуудалд манлайлал үзүүлж оролцоно гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэгэхээр ил гарсан тэд болохоос ил гараагүй ч Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахыг дэмжиж буй нэлээн олон гишүүн МАН-ын бүлэгт байгаа аж.

-Г.ЗАНДАНШАТАРЧ ЯАРЧ ҮҮРЭГ ӨГЧ, Д.ТОГТОХСҮРЭН БҮЛГИЙН ГИШҮҮДЭЭСЭЭ БАЙР, СУУРЬ АСУУЖ БУЙ ШАЛТГААН ЮУ ВЭ-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ц.Анандбазар гишүүнийг дуудаж “Давраад байгаарай” гэж хэлсэн гэж зарим хэвлэлд мэдээлсэн. Гэхдээ юу үнэн гэвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх Ц.Анандбазарт дургүй бөгөөд царай өгдөггүй нь үнэн. Тиймээс У.Хүрэлсүхэд Ц.Анандбазарыг хамгаалаад байх шалтгаан үгүй.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Анандбазарыг чирч гүйж яваад УИХ-д нэр дэвших эрхийг нь авч өгсөн. Үүнийхээ хариуд Бага тэнгэрийн аманд хаус авсан байж болзошгүй гэх мэдээлэл байдаг. Харин энэ удаа Г.Занданшатар яарч шийдвэр гарган Ц.Анандбазарын асуудлыг байнгын хороогоор яаралтай хэлэлцэх үүргийг өгч, өөрөөсөө зайлуулж буй нь цаашлаад Д.Тогтохсүрэн гишүүдээсээ байр, суурийг нь сонсож буй нь ямар учиртай вэ.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Хэрвээ ялалт байгуулбал МАН-ын даргын албан тушаалд Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар л зүтгэнэ. Тэгэхээр МАН-ын даргын төлөөх албан тушаалын төлөөх “зөрчил” одооноос хурцдаж байна гэсэн үг.

Ерөөс МАН-д эрэмбээрээ Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатараас өөр намын дарга болчих улс төрч үгүй гэнэ. Тиймээс тэд намын даргын төлөө эртнээс далд зөрчилдөж эхэлсэн гэж намынхан нь ярьж буй бөгөөд уг зөрчил одооноос хурцдаж эхэлсэн нь энэ гэх. Дүрмийн дагуу сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайдын албан тушаалыг хаших ёстой. Үүгээр бол Л.Оюун-Эрдэнэ илүү боломжтой ч Г.Занданшатар гэх яаж мэдэх ч хувилбар.  Тиймээс  ч Ц.Анандбазарын хийсэн үйлдлээр Г.Занданшатар руу чиглэсэн ажил явагдаж байна гэж МАН дотор яригдаж байна. Тиймээс МАН-ын удирдлагууд Ц.Анандбазарыг эргүүлэн татах асуудлыг шуудруулсан дээр гэх байр, суурьтай байгаа аж.