СУРВАЛЖИЛГА: Бөхчүүдийн гарыг ариутгаж байгаа нь “хишиг боорцог”-ийг цаасаар боож байсантай адил эрүүл ахуйн зөв жишиг болж байна

СУРВАЛЖИЛГА: Бөхчүүдийн гарыг ариутгаж байгаа нь “хишиг боорцог”-ийг цаасаар боож байсантай адил эрүүл ахуйн зөв жишиг болж байна

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 10-ны өдөр Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл Даян аварга Б.Орхонбаяраар долоо даван түрүүлж, “Чингис хаан цом”-ын эзэн болсон. Тэгвэл тус барилдааны дараа шөвгийн дөрвөн бөх шагналаа авахаар индэр рүү гарахаас өмнө МҮБХ-ны ажилчид бөхчүүдийн гарыг арчуулж байгаа дүрс, бичлэг цацагдаж олон нийт хоёр хуваагдаад буй.

ВИДЕО:

-2010-ААД ОНД БӨХИЙН "ХИШИГ БООРЦОГ"-ИЙГ ЦААСААР БООХОД ОЛОН НИЙТ ДУРГҮЙЦЭЖ БАЙСАН Ч ЗӨВ ШИЙДВЭР БОЛСОН -

Бид хүнтэй гар барихад нойтон гартай, эсвэл нэг газраа шалбарчихсан, цусны толботой байвал таагүй мэдрэмж хүн болгонд л төрдөг болов уу. Бөхийн аль ч төрөл хагас тулааны спортод тооцогддог. Энэ дундаас Үндэсний бөхийн хувьд биеийн ихэнх хэсэг ил, барилдаж буй хоёр бөх цээж, гуя зэрэг шууд арьсаараа хүрэлцэх хэсгүүд олонтой. Үүн дээр нэмээд зодог, шуудаг бариу байдгаас шалтгаалаад сэнжиг, элэг бүс, шуудгийг барилдааны явцад авахаар тэмцэлдэж байх үед бие биенээ маажих, урах тохиолдлууд барилдаан болгон дээр л гардаг. Гэтэл олон нийтийн хувьд хөлсийг нь арчууллаа гээд л шуугиад байгаа ч цаана нь хөлснөөс гадна цус зэрэг олон зүйлсийг дурдаж болох юм.

Бөх сонирхогчдын хувьд шинэ зүйлийг анх хүлээж авахдаа тааруу байгаа нь ажиглагддаг.

Жишээлбэл, 2010-аад оноос бөхийн хишиг боорцгийг гадуур нь тугалга цаасаар ороож эхэлж байсан. Тухайн үед бөх сонирхогчдын дунд мөн л адил маш том эсэргүүцэлтэй тулгарсан ч одоо цагт тугалга цаасаар ороогоогүй бөхийн хишиг тараавал эсрэгээрээ олны дургүйцлийг хүргэж, эрүүл ахуй зэрэг зүйлсийг ярьж маргалдаж магадгүй юм.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа бүх шатны бөхийн барилдаанд гар арчих соёлыг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр, “Энэ жилийн наадмаас эхлээд шөвгөрсөн бөхчүүдийн гарыг арчуулаад явсан. Энэ бол хувь хүний наад захын ариун цэврийн асуудал. Үзүүр, түрүүний бөхчүүд барилдаж дуусаад шууд индэр рүү гардаг учраас гар, хөл нь цус болсон эсэхийг анзаарах ч завдал гаралгүй л дэмжигчидтэйгээ гар бариад шагналаа авдаг. Харин үүний өмнө гар арчих соёлыг МҮБХ хэрэгжүүлж эхэлж байна. Энэ бол тийм ч том асуудал биш шүү дээ” хэмээсэн байдаг.

-С.ГАНТӨР: БӨХЧҮҮДИЙН ДУНД "СПИРТТЭЙ ХӨВӨНГӨӨР ГАРАА АРЧУУЛААД ДЭЭШЭЭ ГАРАХ ЭСЭХЭЭ ҮЗНЭ" ГЭХ ЯРИА Ч БАЙДАГ БАЙСАН-

МҮБХ-ны тус санаачлага хэдий зөв ч гэсэн буруу цагтаа эхэлсэн. “Монгол бахархлын өдөр”-т зориулсан бөхийн барилдаан бол төрөөс зохион байгуулдаг томоохон барилдаануудын нэг. Тийм ч учраас төрийн гурван өндөрлөг ирж, бөх үзэж, бай шагналаа гардуулдаг уламжлалтай. Олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа гол асуудал нь төрийн гурван өндөрлөг ирчихсэн байхад гарыг нь арчууллаа гэдэг дээр төвлөрч муудалцаж байгаа анзаарагдсан. Магадгүй МҮБХ энгийн нэг барилдаанаас эхлээд бөхчүүдийн гарыг арчуулж эхэлсэн бол энэ асуудал тийм ч том сэдэв болон дэврэхгүй байсан болов уу.

Энэ талаар МҮБХ-ны менежер С.Гантөр, “Хүмүүс хэтэрхий улс төртэй холбож бодоод дургүйцээд байна. Энэ бол ариун цэврийн л асуудал шүү дээ.

1980-аад онд бөхчүүдийн дунд “Спирттэй хөвөнгөөр гараа арчуулаад, индэр рүү гарна даа” гэж билэгшээдэг байсан гэх яриа ч байдаг. Энэ бол тулааны спорт учраас цус гарах зэрэг зүйлсүүд байнга гардаг учраас МҮБХ-ноос бөхчүүдэд үргэлж хумсаа гэсэн шаардлагыг тавьдаг гэдгийг үзэгчид мэддэггүй” гэв.

МҮБХ-ны менежер С.Гантөр

Аливаа зүйл цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байж дараагийн дэвшил ирдэг. Монголын ард түмний хувьд бөх гэдэг хүн хамгийн ихээр дээдэлж, хүндэлдэг хүмүүсийн нэг. Энэ нь ч ёс уламжлал, ондоошил талаасаа хамгийн зөв бөгөөд хойч үедээ ч өвлүүлэх хэрэгтэй зүйл. Гэхдээ бөхийн хөлсөнд хүрж дух, амандаа хүргэснээр хийморь сэргэнэ гэдэг юу л бол. Үүнтэй адил бөхчүүдийн гарын арчуулах нь эрүүл ахуй талаасаа бөхдөө ч хэрэгтэй, үзэгчдэд ч хэрэгтэй зөв шийдвэр болж байна.

 




Өнөөдөр бич өдөр

32 минутын өмнө