Төмөр замыг гацааж, дахин эхлүүлж, авлигад холбогдсон хүмүүсийг шагнаж байсан Х.Баттулгын талаар Х.Нямбаатар дуугарсангүй

Төмөр замыг гацааж, дахин эхлүүлж, авлигад холбогдсон хүмүүсийг шагнаж байсан Х.Баттулгын талаар Х.Нямбаатар дуугарсангүй

Сүүлийн өдрүүдэд Х.Нямбаатарын мэдээлсэн “Бодь”-ийн гэх оффтейк гэрээнүүд болон 110 сая ам.долларын авлига гэх асуудал улс төрийн анхаарлын төвд байна. Тодруулбал, Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бодь”-ийн Д.Баясгаланд 1 тэрбум 68 сая ам.долларын өртөгтэй “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг шууд гэрээгээр гүйцэтгүүлэхэд оролцсон.

Улмаар уг гэрээг байгуулахдаа У.Хүрэлсүх, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан тэргүүтэй хүмүүс авлига, мөнгө угаах, албан тушаалын гэмт хэрэг хамтран үйлдсэн байж болзошгүй хэмээн мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ" гэдгээ мэдэгдээд байна. 

ВИДЕО:

Харин Х.Нямбаатар “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын бүтээн байгуулалт, түүнтэй холбоотой гэрээний асуудлыг хөндөхдөө зөвхөн У.Хүрэлсүх, Д.Баясгалан нарыг онцолж байгаа ч уг төмөр замын царигийн бодлого, шийдвэрт олон жил нөлөөлж, гацааж, эхлүүлж Х.Баттулгын талаар нэг ч үг дурдахгүй байгаа нь анхаарал татна. Уг нь “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын царигийн асуудал Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан үеэс эхэлсэн. Тэрбээр өргөн царигийн бодлогыг дэмжиж, нарийн царигийн хувилбарыг эсэргүүцэж байсан бөгөөд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд ч энэ асуудал үргэлжилсэн түүхтэй.

Тэгвэл Х.Баттулга “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын асуудалд хэрхэн оролцож, улмаар түүний үед ямар шийдвэрүүд гарч, Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” компани бүтээн байгуулалтыг ямар нөхцөлөөр гүйцэтгэсэн бэ. Үүнийг он цагийн дарааллаар хүргэе.

"МОНГОЛ, ХЯТАД ТӨМӨР ЗАМААР ХОЛБОГДОХ БООМТУУДЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ"

2004 онд Монгол, Хятадын Засгийн газар “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийг баталсан. Энэ хэлэлцээр нь хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа, дэглэмийг зохицуулах үндэс болсон юм. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтоор төмөр замаар холбогдох асуудал чухлаар тавигдаж эхэлсэн. Хятадын талаас Ганцмод, Эрээн, Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлсэн байв.

"Х.БАТТУЛГА ӨРГӨН ЦАРИГИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИЖ БАЙВ"

2008 оны зургадугаар сарын 24-нд УИХ-ын 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Тухайн үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын стратегийн томоохон төмөр замуудыг 1520 мм буюу өргөн царигаар барих байр суурийг тууштай баримталж байв.

Мөн энэ үед “Энержи ресурс”, МАК зэрэг компаниуд Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барих санал дэвшүүлж, эдийн засгийн үр ашгийг нь тооцсон ТЭЗҮ боловсруулж байжээ. Учир нь нарийн царигтай төмөр зам барьснаар БНХАУ-ын төмөр замын сүлжээнд шууд холбогдож, нүүрс тээврийн зардлыг бууруулах боломжтой гэж үзэж байсан юм.

Гэвч тухайн үеийн Зам, тээврийн яамнаас уг хувилбарыг дэмжээгүй. Тэр дундаа сайд Х.Баттулга төмөр замыг нарийн царигаар барих нь үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй хэмээн үзэж, “Төмөр замаар хятадууд танк ачаад ороод ирнэ” гэх байр суурийг илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл, тухайн үед аж ахуйн нэгжүүд эдийн засгийн үр ашгийг чухалчилж нарийн царигийн хувилбарыг санал болгож байсан бол Х.Баттулга өргөн царигийн бодлогыг дэмжиж байлаа.

ВИДЕО: 

"ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ НАРИЙН ЦАРИГААР БАРИХ ШИЙДВЭР ГАРАВ"

2014 онд УИХ-ын 64 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолд “Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм буюу нарийн царигаар, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шинэ шугамыг 1520 мм буюу өргөн царигаар барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай” гэж заасан байдаг. Хэрэв уг тогтоолын дагуу ажилласан бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нарийн царигтай байх байв.

“БОДЬ ИНТЕРНЭШНЛ” КОМПАНИТАЙ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2019 оны аравдугаар сарын 29-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээ байгуулагдсан. Төслийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс нийлүүлэх оффтейк гэрээгээр буюу нүүрсээр төлөх нөхцөлөөр баталгаажуулсан бөгөөд 2020–2022 онд бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байсан юм. Энэ нь төмөр замын царигийн бодлого, бүтээн байгуулалтын гэрээ байгуулагдсан цаг хугацаа түүний бүрэн эрхийн хугацаатай давхцаж байгааг харуулна.

"УИХ-ЫН 64 ДҮГЭЭР ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛОВ"

2020 онд Үндсэн хуулийн цэц УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолыг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэн 04 дүгээр дүгнэлт гаргасан. Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, дараа нь нэгдсэн хуралдаанаар хүлээн авснаар 64 дүгээр тогтоол хүчингүй болсон юм. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барих тухай 2014 оны шийдвэр хүчингүй болсон гэсэн үг. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байлаа. Өмнө нь төмөр замыг нарийн царигаар барихыг үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзэж байсан түүний Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд 2014 оны нарийн царигийн шийдвэр хүчингүй болсон нь анхаарал татах баримт.

"Х.БАТТУЛГА ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦСОН ХҮМҮҮСТ ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭВ"

2021 оны зургаадугаар сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, төмөр замын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн. Энэ үеэр тэрбээр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, нийт 700 гаруй км төмөр замын бүтээн байгуулалт төгсгөлийн шатандаа орж, хэзээ мөдгүй анхны тээвэрлэлтээ хийх гэж байна” хэмээн мэдэгдэж байв. ЭНД ДАРЖ уншина уу.

Мөн 2019 онд “Бодь” групп болон “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланд Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол хүртээсэн байдаг. Түүнчлэн 2020 оны есдүгээр сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олгож байв. Өөрөөр хэлбэл, өнөөдөр оффтейк гэрээний асуудлаар нэр нь холбогдон яригдаж буй Д.Баясгалан, төмөр замын бүтээн байгуулалтыг удирдсан Н.Удаанжаргал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага Б.Ганхуяг нарыг Х.Баттулгын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа шагнасан. 

"ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН НЭЭЛТ БОЛОВ"

2022 оны есдүгээр сарын 9-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр замын нээлтийн ёслол болсон. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, уг бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд ард иргэд, төрийн нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсэж байв. Тухайн үед У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдоод нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байлаа. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд гэрээ нь байгуулагдсан төмөр замын бүтээн байгуулалт У.Хүрэлсүхийн үед нээлтээ хийсэн.

БНХАУ бол дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч, үйлдвэрлэгч орон. Монгол Улсын нүүрсний экспортын гол зах зээл ч мөн энэ улс. Гэтэл бид өнөөдрийг хүртэл нүүрсээ автомашинаар тээвэрлэж, хил дээр хэдэн сар, жилээр оочирлон зөөж байна. Хэрэв анхнаасаа нарийн царигийн хувилбарыг сонгож, БНХАУ-ын төмөр замын сүлжээтэй холбогдох асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэсэн бол нүүрсний тээврийн зардлыг бууруулж, экспортын өрсөлдөх чадвараа эрт нэмэгдүүлэх боломж байсан.

Гэтэл өнөөдөр Х.Нямбаатар зөвхөн У.Хүрэлсүх, Д.Баясгалан нарыг онцолж байна. Угтаа бол Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын санхүүжилт, бүтээн байгуулалтын түүхийг Х.Баттулгын оролцоо, тухайн үеийн шийдвэрүүдээс салгаж ойлгох боломжгүй. Үүнийг ч манай улсын уншиж, бичиж суудаг чимээгүй олонх, Х.Нямбаатар ч мэдэж байгаа. 




Өнөөдөр бич өдөр

26 минутын өмнө