Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ нар АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших дотоод сонгуульд бүртгүүлэх төлөвтэй байна

2021-04-30 15:09

М.Тулгатын АН-д Р.Амаржаргал, Д.Ганбат, Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ нар бүртгүүлэв

Өнөөдөр АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихийг горилогчид М.Тулгат болон О.Цогтгэрэл нарын тэргүүлж буй намын дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлж, тус бүртгэл 15:00 цагт дууслаа.

Тодруулбал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөхөөр М.Тулгатын АН-д Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нар бүртүүлжээ.

Тэдний хэн нь Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшүүлэхийг “цахим”-аар шийдэх ажээ.

Харин О.Цогтгэрэлийн АН-д УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ, Засгийн газрын гишүүн асан Х.Тэмүүжин, өчигдөр МАХН-ын гишүүнчлэлээс татгалзсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүртгүүлжээ. Харин тэдний хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг цаасаар тодруулах ажээ. Сонирхолтой нь, Д.Ганбат нь М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хоёр намд хоёуланд нь бүртгүүлсэн байна. 

2021-04-30 11:48

Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ нар АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших дотоод сонгуульд бүртгүүлэх төлөвтэй байна

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихийг горилогчид өнөөдөр /2021.04.30/ намынхаа Дотоод сонгуулийн хороо /ДоСХ/-нд бүртгүүлж байна. 

Тодруулбал, АН-ын дотоод сонгуулийн хороонд Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ нар бүртгүүлэх төлөвтэй байна гэж эх сурвалж мэдээллээ. Учир нь С.Эрдэнийг нэр дэвшин өрсөлд гэж МоАХ-ны ахмад гишүүд нь шахсан гэх мэдээлэл байна. Мөн түүнийг “муу хэлүүлдэг ч эрх чөлөөг хамгаална” гэх яриа тус нам дотор гарсан талаар эх сурвалж онцлов. 

Харин О.Цогтгэрэлийн АН-ын дотоод сонгуулийн хороонд Н.Алтанхуяг, Г.Ганбаатар, Х.Тэмүүжин, З.Энхболд нар бүртгүүлж болзошгүй гэх мэдээлэл байна.

Сонирхуулахад, Н.Алтанхуяг нь тус намын гишүүнчлэлээс хасагдсан тул О.Цогтгэрэлийн АН-ын дотоод сонгуулийн хороо бүртгэх эсэх эргэлзээтэй юм. Мөн АН хоёр талд нэр дэвшигчдээ бүртгэж тус бүрдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дотоод сонгуулиа “цахим” болон “цаас”-аар явуулах юм байна. Харин О.Цогтгэрэлийн АН-ын цаасан санал хураалтын “асуулга” орон нутагт хүргэгдсэн гэх мэдээлэл байна.

О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах асуулга

Тус асуулгыг бөглөх тус намын гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ёстой гэж үзэж буй хүнийхээ овог, нэрийг бичих бололтой. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон энэ үед халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөгдөх нь тодорхойгүй байна. 

Нөгөө АН Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нарын талаар “цахим”-аар санал хураах юм байна. Ингээд ирэх тавдугаар сарын 05 -ны өдөр тэд тус бүрдээ Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд нэр дэвшигчийн материалаа хүргүүлнэ. Харин СЕХ нь Улсын бүртгэлд бүртгэлтэй албан ёсны тамгатай АН-аас өгсөн нэр дэвшихийг бүртгэх магадлал өндөр байгаа ажээ.