Л.Баттөр: Pfizer вакцин долдугаар сард ирвэл хүүхдүүдээ дархлаажуулж эхэлнэ

Л.Баттөр: Pfizer вакцин долдугаар сард ирвэл хүүхдүүдээ дархлаажуулж эхэлнэ

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улаанбаатар хотын хүн амын 80 орчим хувь нь эхний тунгийн вакцинаа хийлгээд байна. 65-аас дээш насны 20,000 орчим иргэн вакцин хийлгээгүй байгаа. Иймд эхний ээлжид ирсэн Спутник V вакцинаар эдгээр ахмадаа вакцинжуулж эхэлсэн.

Нийслэлийн насанд хүрсэн иргэддээ тавдугаар сарын 8-н гэхэд вакцинжуулалтын эхний тунг хийсэн байхаар төлөвлөсөн. Цаашид төлөвлөсний дагуу вакцины татан авалтууд хийгдсэнээр зургаадугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдээ бүрэн тунгаар дархлаажуулах боломжтой байна.

Мөн 17 ба түүнээс доош насны хүүхдүүдийг вакцинжуулах асуудал яригдана. Олон оронд хүүхдэд хийсэн вакцины талаарх судалгаа гарч байна. Хэрэглэхийг зөвшөөрч эхэлбэл хүүхдүүдээ вакцинжуулна.

Хамгийн өргөн судлагдаж байгаа нь Pfizer вакцин. Гадаад харилцааны сайдын хэлж буйгаар 2.5 сая тун Pfizer вакцин авахаар гэрээ хэлцлүүд хийж байгаа. Хэрэв долоо, наймдугаар сард вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулах бүрэн боломжтой" хэмээв.

Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэдийг 50,000 төгрөгөөр урамшуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Одоогоор 109,000 иргэний дансанд 50,000 төгрөг шилжүүлээд байгаа аж. Ийнхүү шилжүүлэхдээ эдгээр иргэнд өмнө нь 300,000 төгрөг олгож байсан мэдээлэлд түшиглэж, дээрх урамшууллыг олгож байна'' гэсэн юм.