Д.Амарбаясгалан: Та бүхний Ерөнхийлөгч болох хүсэл ард түмний эрүүл мэндээс дээгүүр байж болохгүй

Д.Амарбаясгалан: Та бүхний Ерөнхийлөгч болох хүсэл ард түмний эрүүл мэндээс дээгүүр байж болохгүй

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Өнөөдөр Ардчилсан намын залуустаа уриалмаар байна. Та бүхэн намаа цэвэрлээч. Ардчилсан намын ахмадууд залуучууддаа зай тавьж өгөөч. Бид шинэ үеийн улс төрчдөө шинэ бодлого, шинэ арга барилаар өрсөлддөг баймаар байна. Монголд өнөөдөр улс төрийн намын төлөвшил юу юунаас илүү чухал байна. Ардчилсан нам ч гэсэн хөгжиж дэвших ёстой. Залуучууд нь намынхаа эрх мэдлийг авч шинэ түвшинд гарах шаардлага гарсан нь сүүлийн өдрүүдэд харагдаж байна. Өнөөдөр МАН ч талбай дээр гарч өлсөж, жагсаж чадна. Гагцхүү ковидын нөхцөл байдал хүндрэлтэй байна. 150 гаруй иргэн маань алтан амиа алдсан байна. Цаашлаад ковидын нөхцөл байдлыг засан залруулж, хяналтад авахын төлөө төр, Засгийн газар чадах чинээгээрээ ажиллаж байна. 26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгох ёсгүй. Хэн нэгэн улстөрчийн эрх ашиг үүнээс дээгүүр байж болохгүй. 26 хоног ард иргэд маань хөл хорионд байж, улс орон, ард иргэдийн маань эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулсан. Та бүхний Ерөнхийлөгч болох хүсэл үүнээс дээгүүр байж болохгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна” гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улс парламентын засаглалтай улс. Нэг намын дарангуйлал тогтох ямар ч боломжгүй. АН олонх байсан жилүүдэд МАН-д бүлэг байгуулж өгдөггүй байсан. Байнгын хорооны хуралдаан дээр ирэхэд “Хүрэлбаатар аа, яах гэж ирсэн юм бэ” гэж даапаалдаг байсан. Энэ үеэ мартчихсан юм уу. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа индэр дээрээс “Хууль хамаагүй” гэж хэлж байсан, үүнийг бас мартсан уу. Ковид цар тахалтай, сонгууль дөхсөн хүнд үед ийм явуургүй улс төр хийж буйд харамсаж байна” гэлээ.

ҮЗЭХ: