Э.Бат-Үүлийг "үстүүлэх"-ийг харсан АН-ын гишүүд талбайг орхиж, өлсөгчид хүн, хүчгүй болж байжээ

Э.Бат-Үүлийг "үстүүлэх"-ийг харсан АН-ын гишүүд талбайг орхиж, өлсөгчид хүн, хүчгүй болж байжээ

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгээгүй тул УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат нар, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт найман гишүүн анх энэ сарын 05-ны өдрөөс эхлэн улс төрийн суулт, өлсгөлөн зарлаж эхэлсэн.

Харин энэ хугацаанд Д.Ганбат, А.Адъяасүрэн нар эрүүл мэндийн шалтгаанаар Сүхбаатарын талбайг орхисон бол УИХ дахь АН-ын бүлгийн Д.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүд тэдэнтэй огт нэгдээгүй байна. 

-“Э.БАТ-ҮҮЛИЙГ ҮСТҮҮЛЖ,  ХӨӨГДӨХИЙГ ХАРСАН” АН-ЫН ГИШҮҮД ТАЛБАЙГААС ЯВЦГААЖЭЭ-

Талбай дээр тэдэнтэй хамт байсан эх сурвалжийн мэдээлж буйгаар “дээрх гишүүдийн улс төрийн акцыг сайтар төлөвлөж, АН-ын жирийн гишүүдийг өргөн хүрээнд татан оролцуулна гэж төлөвлөж байсан ч, тус намын гишүүд нь сүүлдээ огт хамрагдаагүй байна. 

Товчхондоо, суулт хийж буй УИХ-ын гишүүдийг дагасан хэдэн залуус л тэдэнд хүн, хүч болон харагдаж байжээ. Энэ сарын 09 -ны өдрийн жагсаалд аймаг, дүүрэг бүрээс АН-ын гишүүдийн төлөөллийг оролцуулах чиглэл өгч, зарим аймгийн Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүд нь Сүхбаатарын талбайд ирсэн байна. 

Гэтэл энэ үеэр зарим жагсагчид “Э.Бат-Үүлийг үстэж, талбайгаас хөөсөн” тул, АН-ын гишүүд нь дургүйцэж жагсаалын үеэр зургаа авахуулахаас татгалзаж, яваад өгчээ. 

Ингээд сүүлдээ тэдэнд дээр ирэх жирийн гишүүд олдохоо больсон тул Н.Алтанхуягийг дагалддаг хэсэг залуус дүүргийн АН-ын хороод руу утасдаж “Сүхбаатарын талбай руу хүн явуулах хэрэгтэй байна. Хүнгүй болоод байна” гэж холбогдож байжээ. Товчхондоо бол тэд өдөр ирэх бүрд хүнгүйдэж, эзгүйрч байсан тул арга буюу УИХ-аас томилогдсон ажлын хэсгээр дулдуйдаж өлсгөлөнгөө өчигдөр буулгасан гэнэ. 

-Н.АЛТАНХУЯГС.ГАНБААТАР НАР УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХГҮЙ АЖ-

Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймагт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон С.Ганбаатар нар АН-д элсэж, тус намын УИХ дахь бүлэгт нэгдэж байгаа талаараа жагсаалын өмнөхөн мэдэгдэж, тус бүлгийг төлөөлж байр сууриа илэрхийлж эхэлсэн. Харин Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэж болохгүй юм байна. Учир нь УИХ дахь намын бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орох хуультай.

Бие даагч, эсхүл өөр намаас нэр дэвшин сонгогдсон гишүүн нэгдэж болдог байсан хууль 2020 онд хүчингүй болсон ажээ.

Тодруулбал, Монгол улсын их хурлын тухай хуулийн 31.2 -д “Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно” гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, бие дааж болон МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарын УИХ-ын гишүүд АН-ын бүлэгт нэмэгдэх хууль зүйн үндэслэл байхгүй юм байна.