Оюутолгойн асуудлаар ял сонссон С.Баярцогт нарын шүүх хурал дахин хойшиллоо

Оюутолгойн асуудлаар ял сонссон С.Баярцогт нарын шүүх хурал дахин хойшиллоо

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимд УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч хойшиллоо. Хурал шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. 

Өмнөх шүүх хурлыг Улсын Дээд шүүхийн байранд  дөрөвдүгээр сарын 16-нд товлосон ч шүүхийн байранд Ковид-19-ийн халдвар илэрсэн учраас өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан билээ. 

Эргэн сануулахад, тэднийг "Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй" хэрэгт буруутган анхан шатны шүүхээс ял оноосон. Тодруулбал,

  • С.Баярцогтыг нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасч, 10 жил хорих ял оноон, Нүхт дэх 853 сая төгрөгийн үнэтэй хаус, Зайсангийн “Белла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, авто зогсоолууд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгох, 
  • Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял,
  • Б.Ариунсаны нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсанаар давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг бууруулсан.

Ингэхдээ С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсанг нэг жил хорихоор болсон бол С.Баярцогтын хууль бусаар олсон хөрөнгийг хураах ялыг нь хэвээр үлдээсэн билээ.