23 настай эмэгтэй санамсаргүй байдлаар “Pfizer” вакцины ЗУРГААН тунг хийлгэжээ

23 настай эмэгтэй санамсаргүй байдлаар “Pfizer” вакцины ЗУРГААН тунг хийлгэжээ

Өнгөрсөн ням гарагт/2021.05.08/ Итали улсын нэгэн эмнэлгийн сувилагч санамсаргүй байдлаар 23 настай эмэгтэйд “Pfizer” вакцины зургаан тунг тарьж орхижээ. “Pfizer”-ийн нэг шилэнд вакцины зургаан тун агуулагддаг тул тусгай тариур ашиглан нэг, нэг тунгаар гарган авч тарьдаг. Гэвч сувилагч анхаарал алдсаны улмаас бүсгүйд нэгэн зэрэг зургаан тунг тарьсан байжээ. Дараа нь нэн даруй үүнийгээ мэдэж, өвчтөн болон эмч нарт мэдэгдсэн байна.

Улмаар бүсгүйг эмнэлэгт хүргэж 24 цаг хяналтад байлгажээ. Эмч нар урьдчилсан сэргийлэх үүднээс түүнд үрэвслийн эсрэг, мөн халууны эм өгсөн байна. Хяналтад байх хугацаанд бүсгүйн биед ямар нэгэн өөрчлөлт ороогүй учраас даваа гарагт гэртээ харихыг зөвшөөрчээ.

Эмнэлгийн удирдлагын зүгээс “орон даяар вакцинжуулалтыг эрчимтэй хийж буй завгүй өдрүүдэд ийм алдаа гарсан. Бид үнэхээр харамсаж" байгаагаа мэдэгдсэн байна.

Цаашид долоо хоногийн турш бүсгүйн дархлааны хариу урвалыг нь хянаж, хоёр дахь тунг хэзээ хийхийг нь тогтоох аж.  

Эх сурвалж: CNBC