Ч.Өнөрбаяр: Тамганы асуудал шийдэгдсэн тул М.Тулгат даргыг УДШ бүртгэхэд асуудал байхгүй

Ч.Өнөрбаяр: Тамганы асуудал шийдэгдсэн тул М.Тулгат даргыг УДШ бүртгэхэд асуудал байхгүй

Ц.Тувааны хэрэглэж байсан Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг шинээр олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг тэрээр эсэргүүцэж, шүүхэд хандсан байдаг.

Харин анхан шатны шүүх түүний гомдлыг түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тэрээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч шүүгч хүрэлцээгүйн улмаас хойшилсон. Харин энэхүү хурал өнөөдөр /2021.05.17/ 09:00 цагт товлогдсон бөгөөд Ц.Тувааны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож С.Эрдэнийн тамгыг хүчинтэйд тооцсон шийдвэрийг гаргасан. 

Шүүхээс гаргасан тус шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ц.Туваан гэх хүн Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй хүн юм байна гэдгийг шүүхээс тогтоосон. Цахим бүртгэлээс Ц.Тувааны нэрийг хассан, Ардчилсан намтай холбоогүй хүн болсон. Энэ асуудал хуульзүйн хүрээнд ямар ч ач холбогдолгүй болсон. Одоо хууль зүйн маргаан байхгүй, эцэслэгдсэн гэж ойлгож болно. Цаашид тамганы маргаан үргэлжлэхгүй. Ардчилсан намын тамгыг хүчингүй болгоогүй. Анхан шатны шүүхэд ямар нэгэн үр дагавар гарахгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэгтэй холбоотой асуудал нэг талдаа гарсан. Улсын бүртгэлийн газраас улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн тамга олгодог. Улсын бүртгэлийн гэрчилгээнд хэн төлөөлөх эрхтэй байна, энэ дагуу тамга олгосон.

Ардчилсан нам тамга, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тогтохгүй. Мөн Ардчилсан нам мөхөж алга болохгүй. Аливаа ардчилалд сорилт бэрхшээл байдаг.

Ардчилсан нам 30 жил алдаж онож ирсэн, цаашид ч байх болно. Ачааны хүндийг үүрч чадах улс төрийн хүчин байна гэдэгт би итгэдэг. Өмнө нь манай нам үүнээс илүү хүнд зүйлийг давж гарсан. Гэхдээ бид холын зорилгоо харахгүй бол ойрын зовлон дуусахгүй. Тиймээс бидний уналт босолт нэг тул нэгдэхийг уриалж байна. Өнөөдөр Ардчилсан нам зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгаар тодорхойлогддог нам биш. Бид удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулах холын зорилго харж, хүчээ нэгтгэх хэрэгтэй. Ардчилсан намын даргаар ажиллаж байсан үе үеийн лидерүүд, УИХ-ын гишүүд, Ардчилсан намын төлөөлөл болсон бүх хүмүүст хандаж хэлэхэд холын зорилгоо харж чадахгүй бол ойрын зовлон салахгүй. Бидний ойлгосноор, АН дотор манай, танай гэсэн ойлголт байхгүй.

Ерөнхийдөө тамганы асуудал шийдэгдсэн тул М.Тулгат даргыг Улсын дээд шүүх бүртгэхэд ямар ч асуудал байхгүй гэж ойлгож болно. Шүүхийн шийдвэрийг хэн нэгэн хүн дураараа тайлбарладаггүй. Өнөөдөр Монгол Улсад шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан" гэлээ. 

ҮЗЭХ: