ХӨШИГНИЙ АРД: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн эхэлсэн ч Л.Оюун-Эрдэнээс өөр хувилбаргүй байна

ХӨШИГНИЙ АРД: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн эхэлсэн ч Л.Оюун-Эрдэнээс өөр хувилбаргүй байна

Ерөнхийлөгчийн сонгууль, 100 жилийн ойн баярын дараа МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн ширүүснэ. Тодруулбал, МАН-ынхан У.Хүрэлсүхийгээ Ерөнхийлөгч болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа бөгөөд түүний үлдээсэн эрх мэдэлд очих дараагийн хүн хэн байх вэ гэдэгт ихээхэн анхаарал хандуулж байна.

-ЭХ СУРВАЛЖ: Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨРСӨЛДӨГЧГҮЙ НАМЫН ДАРГА БОЛНО-

Зарим хэвлэлд “МАН-ын даргад Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын нэр голлон дуулдахын зэрэгцээ С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар гэх нэрс ч сул хөвөрч байна” гэж мэдээлсэн. Харин МАН-ын эх сурвалжууд Л.Оюун-Эрдэнэ намын даргаар томилогдох нь тодорхой болсон. Гэхдээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдохоос бүрэн хамаарна. Г.Занданшатарын хувьд намын даргад өрсөлдөх амбицтай байсан ч УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд холбогдож, нэр хүнд нь савласан учир зориггүй байгаа гэж мэдээлэв.

Тэгэхээр ганц, нэг хүн өрсөлдсөн дүр үзүүлж Л.Оюун-Эрдэнийг намын дарга болгох өндөр магадлалтай байгаа аж. 

Засгийн газрын 100 хоногийн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс энэ талаар сэтгүүлч асуухад “Намын дүрэмд Ерөнхий сайд намын дарга байх ёстой. Энэ дагуу асуудлууд яригдна гэдэгт миний хувьд итгэлтэй байна. Л.Оюун-Эрдэнэ гэх хүн намын дарга болох нь зарчмын асуудал гэж бодож байна. Тэгэхээр энэ асуудал цаашид шийдэгдэнэ. Мэдээж цар тахлын үед намын их хурал, намын дүрмэар хийх асуудал яригдаж байгаа. Намын дарга У.Хүрэлсүхтэй уулзсан. Зарчмын байр сууринаас нэр дэвшигч болсноос хойш намын ажилд оролцохгүй. Намын даргатай холбоотой үүргийг миний бие болон Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцаж байгаа гэж ойлгож болно. Тиймээс дүрмийн дагуу цаашид шийдэгдэх байх” гэж хариулсан. Түүний энэ хариулт “Би намын даргын ажлаа” авна л гэсэн үг.

МАН-ын дүрэмд намын дарга, Ерөнхий сайдын ажлыг хийх ёстой гэж заасны дагуу ч бодоход Л.Оюун-Эрдэнэ илүү ойртож очиж байна.

-ҮЕИЙН ЯЛГАА БУЮУ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН-

Эх сурвалжийн одоо өгч буй мэдээлэл үгүйсгэгдэж Л.Оюун-Эрдэнэтэй хэн нэгэн ана, мана өрсөлдлөө гэхэд тэр нь УИХ-ын дарга Г.Занданшатар байх нь тодорхой. Ингэвэл МАН-д энэ цаг үед хүчтэй байгаа 70-аад оныхон болон шинээр эрчимтэй хүч түрж буй 80-аад оныхон нарын хооронд өрсөлдөөн болно гэсэн үг юм.

Яг одоогоор 70-аад оныхоныг Г.Занданшатар тэргүүлж байгаа бол 80-аад оныхныг Л.Оюун-Эрдэнэ чиглүүлдэг. Мэдээж тэднийг дагаж УИХ-ын гишүүд нь хуваагддаг.

Эрх баригч намын дарга бол бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн “хаан” байдаг. Уг албан тушаалыг дагаж 8-10 жилийн улс төрийн эрх мэдэл, байлдан дагуулалтын хүч ирдэг. Тэгэхээр энэ эрх мэдлийн төлөө Г.Занданшатар намын даргад Л.Оюун-Эрдэнэтэй “үзэлцвэл” ямар үйлдэл хийх нь анхаарал татаж байна. Дашрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад тагнаж, чагнасан хэрэг мандаж тухайн үед Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Гэрэл түүний ойрын хүн Г.Занданшатар нар нэр холбогдсон. Үүнээс хойш Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын харилцаа муудсан гэдэг билээ.

-Д.АМАРБАЯСГАЛАН ГЕНСЕКИЙН АЖЛАА ӨГӨХ ҮҮ-

Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн даргаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан яах вэ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгууль, намын 100 жилийн ойн баяраа зохион байгуулсныхаа дараа Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгч Хотын дарга эсвэл Засгийн газрын сайд болохоор бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. Сайд болно гэдэг нь МАХН-ын 3-4 хүнийг сайд болгохын тулд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас сайд сугалах ажил болж магадгүй бөгөөд түүнд нь Д.Амарбаясгаланг оролцоно гэсэн үг юм.  




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө