Л.Мөнхтүшиг: Япон улсад байнгын оршин суух албан ёсны визтэй монгол иргэдэд хамаарахгүй.  Харин шинээр виз олгохгүй

Л.Мөнхтүшиг: Япон улсад байнгын оршин суух албан ёсны визтэй монгол иргэдэд хамаарахгүй. Харин шинээр виз олгохгүй

Япон улсын Засгийн газар өчигдөр/2021.05.19/ коронавирусийн тархалтыг намжаах зорилгоор Ази болон Номхон далайд орших 7 улсын иргэдийг мөн эдгээр улсаар дамжин ирсэн зорчигчийг Япон улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн. Уг долоон орны дотор Монгол Улс ч багтсан билээ. Хилийн хориг тавьж буй долоон орон:

  • Тайланд /сүүлийн 24 цагт коронавирусийн 2473 тохиолдол/
  • Камбож /сүүлийн 24 цагт 345 тохиолдол/
  • Шри Ланка /сүүлийн 24 цагт 2518 тохиолдол/
  • Сейшелийн арлууд /сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй/
  • Сент-Люсиа /сүүлийн 24 цагт 53 тохиолдол/
  • Зүүн Тимор /сүүлийн 24 цагт 176 тохиолдол/
  • Монгол /сүүлийн 24 цагт 575 тохиолдол/. Ингэснээр Японы Засгийн газраас халдварын улмаас хязгаарлалт тавьсан улсын тоо 159 болж байгаа юм.

Журамд зааснаар хязгаарлалт тогтоосон бүс нутгаас ирсэн иргэдийг онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд Япон руу нэвтрүүлэхгүй. Мөн Японы иргэдэд уг журам хамаарахгүй бөгөөд маргаашаас/2021.05.21/ эхлэн хэрэгжинэ гэсэн билээ. 

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрбээр " Япон Улсын Засгийн газар дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан 152 улсад хилийн хориг тавиад байсан. Энэ удаа Камбож, Шри Ланк, Сейшэлийн арал, Тайланд, Зүүн Тимор болон Монгол зэрэг 7 улсад сүүлийн 14 хоногт байсан гадаадын иргэдэд хилийн хориг тогтоох болсноор нийт 159 улс, бүс нутгийг хамраад байна. Өөрөөр хэлбэл өмнө хориг тавьсан 152 улс байсан бөгөөд халдвар тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан 7 орныг нэмж жагсаалтад оруулж, гадаадын иргэдийн хилээр нэвтрэх зэрэглэлийг дээшлүүлж, хорио цээрийн дэглэмийг чангатгах, виз олголтыг хязгаарлах арга хэмжээ авахаар болсон.

Гэхдээ дээрх шийдвэр нь Япон улсад байнгын оршин суух албан ёсны визтэй монгол иргэдэд өмнөхийн адил хамаарахгүй бөгөөд зөвхөн шинээр виз, оршин суух зөвшөөрөл олгохгүй гэсэн үг юм.  

Одоогийн байдлаар дэлхийн 114 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан бөгөөд Япон улсын хувьд өнгөрсөн оны 3 дугаар сараас эхлэн хилийн хязгаарлалт тогтоогоод байна.

Удахгүй Япон улсад “Токио-2020” зуны олимпын наадам болох гэж байгаа бөгөөд тухайн улсад коронавирусийн дотоодын халдвар төдийлөн буурахгүй байгаа юм. Тиймээс уг арга хэмжээг авсан байх" гэлээ.