МАН, МАХН-ЫН НЭГДЭЛ: Н.Энхбаяр хэргээ цагаатгуулахаар тохирсон уу

МАН, МАХН-ЫН НЭГДЭЛ: Н.Энхбаяр хэргээ цагаатгуулахаар тохирсон уу

МАН, МАХН-ын нэгдэхийн өмнөх яриа хэлэлцээ, бэлтгэл ажил хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсний эцэст өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд албажиж, холбогдох баримт бичгүүдийг үйлдсэн билээ. Ингэснээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН нэгдэж У.Хүрэлсүх гэх нэг хүнийг нэр дэвшүүлэхээр болсон юм.

-МАН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД МАХН-ЫН ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ УУ-

Үүний дараа МАН-ын Бага хурал хуралдаж дүрэмдээ өөрчлөлт оруулан МАХН-ын гишүүдийг бүх шатны байгууллагын 30 хувьд нь багтаахаар болсон. Тодруулбал, намын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог нэмэх өөрчлөлтийг дүрэмдээ оруулж МАХН-д өгөхөөр тохирч саяхнаас албажиж эхэлжээ.

Цаашлаад МАН-ын нарийн бичгийн дарга зэрэг удирдах аппаратад МАХН-ын залуусаас томилохор бэлтгэж байгаа гэж эх сурвалж мэдээлэв.

Мөн МАН, МАХН нэгдэхтэй холбоотой тохироонд Н.Энхбаярыг албан тушаалд томилох, түүний хүү Э.Батшугарыг ирэх аравдугаар сард Сонгинохайрхан дүүрэгт явагдах УИХ-ын сонгуулийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, өнөөдрийг хүртэл дагалдаж ирсэн залуусыг нь Засгийн газарт сайдаар шингээх гэх мэт асуудал багтсан гэдэг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дээрх ажлууд тохироо, төлөвлөгөөний дагуу явагдах болов уу гэсэн хүлээлт байна.

-МАХН ТАТАН БУУГДСАН ТАЛААРАА БААСАН ГАРИГТ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ-

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга өчигдөр мэдэгдэл хийж “МАХН албан ёсоор татан буугдах асуудлаараа Улсын дээд шүүхэд хандахаар болсон. Энэ талаар баасан гаригт албан ёсоор мэдэгдэнэ” гэсэн. Тэгэхээр МАХН албан ёсоор татан буугдах нь.

Тэгэхээр МАН-ынхан Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн гурван давхрыг МАХН-д өгсөн тэнд нь Э.Батшугар багаа ахалж суухаар бэлтгэж байгаа гэж зарим хэвлэлд мэдэгдсэн.

Тэгвэл одоогоор тус хэсэгт засвар хийж байгаа аж. МАН-ын гишүүд энэ талаар ярихдаа МАХН татан буугдсанаа зарласан учир Тусгаар тогтнолын ордонд ирж суухад гайхах зүйлгүй гэсэн юм. Гэхдээ л МАН-ын гишүүд МАХН-тай нэгдсэнийг одоо ч битүүхэн шүүмжилж ихээхэн дургүйцсээр байна. Учир нь Н.Энхбаяр бусдын үгээр томоотой байх хүн биш. Улс төрд шунаж ирсэн түүхийг нь ч харахад тэрбээр жигүүр байгуулж бужигнуулж мэднэ гэх болгоомжлолтой байгаа аж.

-Н.ЭНХБАЯР БҮХ ХЭРГЭЭ ЦАГААТГУУЛАХ УУ-

Тус хоёр нам нэгдэх сураг эхэлсэн даруйд Н.Энхбаярыг томоохон албан тушаалд очих тохироог хийсэн гэх мэдээлэл хөвөрсөн. Тодруулбал, түүнийг НҮБ-д төлөөлөгч эсвэл Элчин сайд, Цэцийн гишүүнээр томилно гэж хэвлэлүүд бичиж байна.

Ямартай ч тэрбээр ямар нэгэн албан тушаалд очих нь тодорхой бөгөөд ял авсан хэргүүдээ цагаатгуулах тохироог хийсэн байж болзошгүй гэж МАН-ынхан ярьж байна.

Түүний хувьд шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлж байсан билээ. Тэгэхээр тэрбээр цагаадах туйлын сонирхолтой байгаа бөгөөд энэ нь дахин сонгуульд нэр дэвшинэ гэдгийг илтгэж байж ч болох юм. МАХН Засгийн газрын 3-4 сайдыг авна гэж У.Хүрэлсүхтэй тохирсон ч гэх мэдээллийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариу тайлбараа хийсэн. Тэрбээр энэ талаар байр, сууриа илэрхийлэхдээ “Засгийн газар тогтвортой байна” гэсэн.