Н.Энхбаяр: Миний хувьд МАН-ын ямар нэгэн албан тушаалд очихгүй

Н.Энхбаяр: Миний хувьд МАН-ын ямар нэгэн албан тушаалд очихгүй

МАХН МАН-тай нэгдэж буй учир татан буугдах хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгсөн байна. Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдлээ. 

Тэрбээр "Улсын дээд шүүх хуульд заасан хугацааныхаа дагуу хүсэлтийг минь шийдвэрлэх байх. Хоёр намын нэгдэл нь маш том үйл явдал. Эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл эрмэлзэл. Энэ шийдвэрийг гаргахад анхан шатны байгууллагын гишүүдийнхээ саналыг сонссон. Гишүүд маань дэмжсэн. Бид нэг түүхтэй, үзэл баримтлалтай нам. 10 жилийн өмнө нэг асуудлаар өөр, өөр байр суурьтай болсон учраас салсан. Гэхдээ уг 10 жилд олон зүйлд санал нийлж ирсэн.

МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд 8, бага хуралд 110, нийслэл, аймгийн намын хорооны тэргүүлэгч гишүүнээр тус тус 6, сумын болон дүүргийн намын хорооны тэргүүлэгчээр 4 хүн очно. Улсын хэмжээнд намын албан тушаалд МАХН-ын төлөөлөл болсон 2,100 орчим хүн ажиллана. Энэ бол намын дотоод асуудал. Төр засгийн асуудлын хувьд орон сууцны төсөл, өргүй Монгол, бага хүүтэй зээл олгох зэрэг ажилд МАХН-ын хүмүүс мэдээж хэрэг дайчлагдана. Тухайн асуудлыг шийдэхэд ямар хүмүүс ажиллах вэ гэдгийг хоёр талын ажлын хэсэг гарч шийднэ. МАХН, МАН-аас тус тус 5 хүнтэй ажлын хэсэг бий. Манай намаас би даргална. МАН-аас мөн намын дарга нь даргална. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараагийн дарга нь ажлын хэсэгт орно. Бидний энэ хамтыг ажиллагааг 2024 он гэж төсөөлж байна. Үүний дараа энэ үйл ажиллагаа дуусаад цаашид нэг нам болсон болохоор ажлын хэсэг байх шаардлагагүй гэж бодож байна. Миний хувьд МАН-ын ямар нэгэн албан тушаалд очихгүй. Бага хурал, Удирдах зөвлөлд ажиллахгүй. Өөрийн нэрээ татаж байгаа. Залуучууд ажиллах хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөх ажилд санаа бодлоо хуваалцана гэв" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: