СУДАЛГАА: "Pfizer", "АстраЗенека" вакцинууд Энэтхэгийн хувилбарын эсрэг ӨНДӨР үр дүнтэй байна

СУДАЛГАА: "Pfizer", "АстраЗенека" вакцинууд Энэтхэгийн хувилбарын эсрэг ӨНДӨР үр дүнтэй байна

Английн олон нийтийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд “Pfizer” болон “АстраЗенека” вакцины хоёр тунгийн дараах үр дүн “В.1.617.2” гэж нэрлэгдсэн коронавирусийн Энэтхэгийн хувилбарын эсрэг өндөр үйлчлэлтэй байгааг тогтоосон байна. 

Судалгаанд дурдсанаар тус хоёр вакцины эхний тун Энэтхэгийн хувилбарын эсрэг 33 хувийн үр дүнтэй үйлчилж байжээ. Харин хоёр дахь тунг хийсний дараах үр дүн үүнээс өндөр байх бөгөөд эмнэлэгт хэвтэх, нас барахаас урьдчилан сэргийлэх аж. Судалгааны нарийвчилсан үзүүлэлтээр: 

  • “Pfizer” вакцин -Хоёр дахь тунг хийсний дараа Энэтхэгийн хувилбарын эсрэг 88 хувь, Их Британийн хувилбарын эсрэг 93 хувийн үр дүнтэй  үйлчилж байв. 
  • “АстраЗенека”-Хоёр тунгийн дараах үр дүн Энэтхэгийн хувилбарын эсрэг 60 хувь, Их Британийн хувилбарын эсрэг 66 хувьтай байв. 

4-р сарын 5-наас 5-р сарын 16-ны хооронд явуулсан уг судалгаанд 12,675 хүнийг хамруулсан бөгөөд эдгээрийн 1054 нь Энэтхэгийн хувилбараар өвчилсөн байжээ. 

Судалгааны үр дүнг танилцуулсны дараа Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок “Засгийн газар зургадугаар сарын 21-нд хөл, хорио хязгаарлалтын зөөлрүүлэх шийдвэр гаргасан. Судалгааны үр дүн биднийг уг шийдвэртээ улам итгэлтэй болголоо. Хоёр тун Энэтхэгийн хувилбарын эсрэг үр дүнтэй үйлчилж буйгаас вакцин биднийг хүнд нөхцөл байдлаас гарах зам гэдгийг  харуулж байна” гэжээ. Түүнчлэн тэрбээр хоёр дахь тунг бүрэн хийлгэх нь туйлын чухал гэдгийг онцолсон байна. 

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү

Эх сурвалж:  BBC