БШУ-ны сайд Л.Энх-Амгалан руу хутгатай этгээд дайрахад тус яамны төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд хамгаалжээ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан руу хутгатай этгээд дайрахад тус яамны төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд хамгаалжээ

УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу өнгөрөгч баасан гараг /2021.05.21/-ийн орой Д.Совд гэх иргэн хутгатай халдаж, түүнд хөнгөн гэмтэл учруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тухайн иргэн нь “Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж буй хүүхдүүдэд Хятад вакциныг хүчээр хийж байна” хэмээн эсэргүүцэж энэ үйлдлийг хийсэн байдаг. 

Тэгвэл бид халдлагад өртсөн БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн биеийн байдлын талаар эх сурвалжаас тодрууллаа. Одоогоор түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хөдөө орон нутагт ажиллаж байгаа юм байна. Нүүрэн тус газартаа гэмтэл авсан гэж эх сурвалж мэдээллээ. Түүнийг халдлагад өртөх үеэр тус яамны төрийн тусгай алба хаагчид хамгаалсан учир хохирол багатай гарчээ. 

Хэрэг явдал гарсны дараа иргэн Д.Совдыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид саатуулсан. Мөн түүнд Эрүүгийн хуулийн 11.6 -д заасан хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээсэн юм. Харин прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 19.3.1 -д заасан “төрийн өндөр албан тушаалтны эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм.