ТАНИЛЦ: Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын ХҮҮХДҮҮД

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын ХҮҮХДҮҮД

2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гурван эрхмийн нэр тодорхой болсон цагаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр тэдний намтар, боловсролын байдал хийгээд хөрөнгө, орлогын мэдээллүүд цацагдаж эхэлсэн билээ. Тэгвэл isee.mn сайт гурван нэр дэвшигчийн гэр бүлийг онцолж байна.

-МАН-ААС НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ТОМ ОХИН НЬ БАГШ БОЛ БАГА НЬ УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦДАГ”

Монгол Ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх хоёр охинтой. Түүний гэргий Л.Болорцэцэг цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Тэд гэр бүл болоод 30 жил болжээ. Л.Болорцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн.

У.Хүрэлсүхийн гэр бүл

У.Хүрэлсүх эхнэртэйгээ танилцсан талаар “Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад "Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. "Утасны дугаарыг нь мэдэх үү" гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя" гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” гэж хуучилсан байдаг.

Японы эзэн хаан сэнтийдээ заларсныг тунхаглах ёслолд оролцох үеэр

Тэрбээр гэргийтэйгээ хэд хэдэн удаа арга хэмжээнд оролцож байсан тул хүмүүс андахгүй таньдаг болсон гэж хэлж болно. Харин түүний охид сонгуулийн нээлтийн өдөр аавыгаа дэмжихээр ирсэн нь олны анхаарлыг татаж, цахим сүлжээнд “бага охиныг нь ааваасаа өндөр юм” хэмээн гайхацгааж байв.

У.Хүрэлсүхийн бага охиныг Х.Мандухай, том охиныг Х.Номундарь гэдэг. Том охин Х.Номундарийн хувьд МУИС-ийн Хууль зүйн тэнхимд багшаар ажилладаг бөгөөд магистрийн зэрэгтэй. Тэрбээр 2020-2021 оны хичээлийн жилд бизнесийн эрх зүй, хүний эрх, арилжааны эрх зүйн хэрэглээ, харьцуулсан эрх зүй гэсэн хичээлүүдийг оюутнуудад заажээ.

МУИС-ийн вэбсайтад тавигдсан мэдээлэл

Харин бага охин Х.Мандухай нь аавыгаа улс төрийн “тогооноос” олонд танигдаж эхэлсэн үед мэндэлжээ. Тэр ч утгаараа билэгшээн хатны нэр өгсөн гэдэг. Х.Мандухай Герман улсад урлагийн чиглэлээр суралцдаг аж.

-ДОЛООН ХҮҮХЭД, 11 АЧ ЗЭЭТЭЙ С.ЭРДЭНИЙН
ӨНӨР ӨТГӨН ГЭР БҮЛ-

Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ гурван хүү, дөрвөн охин, 11 ач, зээтэй. Тэрбээр дөнгөж 20 настай байхдаа анхны хүүхдээ өлгийдсөн гэдэг. Түүний хамгийн бага охин нь 2015 онд төрсөн бөгөөд Э.Содханд гэдэг. Харин гэргий Н.Нинжбадгар нь эдийн засагч мэргэжилтэй. Өдгөө Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгч, Молор трейд ХХК гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.

С.Эрдэнийн гэр бүл

С.Эрдэнэ эхнэрийнхээ тухай “Яг үнэндээ миний амьдрал тэгшхэн сайхан дардан замаар яваагүй ээ. Амьдралынхаа ханийг алдаж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ид сайхан амьдрах насан дээрээ хагацал зовлон амссан. Өтөл болтлоо ханилаад хорвоогийн жамаар одох нь энэ ертөнцийн жам. Гэсэн хэдий ч бурхан надад сайхан хань заяасан. Элэг бүтэн сайхан л амьдарч байна” хэмээсэн байдаг.

С.Эрдэнэ ач, зээ нарын хамт

-"ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧ Д.ЭНХБАТ ГУРВАН ХҮҮХЭД, ТАВАН АЧ ЗЭЭТЭЙ-

"ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат гэр бүлээ олны өмнө ил гаргадаггүй, тэр утгаараа ч хүмүүсийн анхаарлыг эрхгүй татдаг. Харин саяхан  гэргийтэйгээ хамт авахуулсан зураг нь цацагдаж, цахим сүлжээг шуугиулсан. Үүний дараа сонгуулийн сурталчилгааны нээлтийн өдөр ч гэргий нь өөрийн имиджээрээ цөөнгүй хүнээс “магтаал” сонсов. Түүний гэргийг Дашдаваагийн Оюунцэцэг гэдэг. ЗХУ-д ойн инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 

Д.Энхбат гэр бүлийн хамтаар

“Датаком” компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбатын нийгмийн зүтгэлтэн болсон замналд гурван хүүхдийн ээж, өндөр боловсролтой гэргийнх нь нөлөө чамгүй их байсан гэлцдэг.

Тэд анх танилцаж амьдралаа эхлүүлснээс 40 орчим жил өнгөрсөн бөгөөд хоёр хүү, нэг охин, таван ач, зээтэй аж. Хоёр хүү нь өөрсдийн бизнестэй, харин нэг охин нь зураач мэргэжилтэй.

Д.Оюунцэцэг нөхөртэйгөө танилцсан тухай “1978 оны хоёр сарын эхээр, өвлийнхөө амралтаар Монголд ирчхээд галт тэргээр буцаж явахдаа би анх ханийгаа харсан юм. Нэг бүлтгэр нүдтэй залуу л яваад байсан. Бидэнд дундын найзууд байсан болохоор нөгөөх чинь тэднийгээ дагаад манай вагоноос салахгүй. Над руу сэмхэн хараад, би бас сэмхэн хараад л. Гэхдээ хоорондоо үг сольж чадаагүй явсаар Свердловск хүрсэн. Тэгтэл яг галт тэрэгнээс буухынхаа өмнө нэг жижигхэн тэмдэглэлийн дэвтэр барьчихсан “Чи надад хаягаа өгөөч. Би танай сургуулийн Энхтайваны найз байгаа юм” гэсэн. Найзаараа далимдуулж надад захиа бичих гэж байгааг нь мэдсэн учраас Воронеж хотод сургуульдаа очингуутаа захиа хүлээгээд суучихсан. Анхны захиа сар орчмын дараа ирсэн. Тэрнээс хойш бид мөн ч их захиа бичсэн. Дараа нь Ялалтын баярын үеэр сургуулийнхаа урлагийн үзлэгт орчхоод дотуур байрандаа ирэхэд Энхтайван хүрч ирээд “Манай өрөөнд чамайг нэг нөхөр хүлээгээд байна. Хүнээ очиж ав” гэж хэлдэг юм байна. Яваад орсон чинь нөгөөх маань бүлтийчихсэн сууж байсан. Тэр өдөртөө хоёулаа сунаж унатлаа гадуур зугаалсан. Сургууль нь их чанга дэг журамтай байсан болохоор гурав хоног хамт зугаалаад “хичээлээ тасалж болохгүй” гээд буцсан юм” хэмээн хуучилсан байдаг.

Д.Энхбат гэргийн хамт. Оюутан байх үе

Д.Оюунцэцэг хуучин нийгмийн үед төлөвлөгөөний комисст ажиллаж байсан, англи, орос хэлтэй бүсгүй.

1997 онд ээж нь “тэнгэр” болж, Д.Оюунцэцэгийн бие нь өвдөн эмчид үзүүлэхэд “тархины хорт хавдар” гэсэн онош сонсож байжээ. Тэр хэцүү үед Д.Энхбатын мэдлэг, хийсэн ажил нь аминд орж байсан аж. Учир нь Д.Энхбат интернет сайн мэддэг учраас гадаадын эмнэлгүүдтэй холбогдож нэлээн их судалсны эцэст нь эхнэр нь Чикагог зорьж, шинжлүүлэхэд тархины хорт хавдар биш байсан гэдэг. 

Нэр дэвшигч Д.Энхбат гэргий Д.Оюунцэцэгийн хамт

Тэрбээр нөхрийнхөө талаар “Манай хоёр удамд нэг нийтлэг зүйл бий. Тэр нь үнэт эдлэл, тансаг хэрэглээнээс зайлсхийж энгийн даруу амьдрах. Аав, ээжүүд маань зөв хүн байх ухааныг л өвлүүлсэн. Хадам аав маань хэлмэгдэж явсан том сэхээтэн. Хүүдээ мөнгө хөрөнгө биш, харин цэвэр оюун санааны өв үлдээсэн” хэмээжээ.