Сургуулийн хүүхдийн үдийн хоолны зардлыг инфляцын түвшинтэй уялдуулан шинэчилнэ

Сургуулийн хүүхдийн үдийн хоолны зардлыг инфляцын түвшинтэй уялдуулан шинэчилнэ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай  Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

Тогтоолын төслийн талаар Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Анужин танилцууллаа. 

  • Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх гэсэн заалтыг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2021 оны хичээлийн жилд шаардагдах 23.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэх;
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, санхүүжилтийг 2022 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах /байрыг стандарт, техникийн зохицуулалтад нийцүүлэн засварлах, өргөтгөх, шинээр барих, стандартын шаардлага хангасан зориулалтын тоног төхөөрөмж/; 
  • Мэргэжлийн хүний нөөц /хоол зүйч, тогооч/-ийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлж, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, дэмжлэг үзүүлэх  асуудлаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох /орон нутагт эхний ээлжинд Боловсролын газарт ажиллах хоол зүйчийн орон тоо, цалингийн зардлыг шийдвэрлэх;
  • Сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрын түрээсийн орлогыг тухайн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байрны засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжид  зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • Сургуулийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг хүн амын зохистой хооллолтын талаарх зөвлөмжид заасан хэмжээ, инфляцын түвшинтэй уялдуулан шинэчлэн батлах;
  • Орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн аюулгүй хүнсний ханган нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох, хоол үйлдвэрлэлд хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг ерөнхий гэрээний дагуу зохион байгуулах,
  • Хүн амыг хоол шим тэжээлийн мэдлэг ойлголттой болгох чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулсныг Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Анужин танилцуулгадаа онцолсон. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай”  Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх баталлаа.