Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон гурав дахь удаагаа гэрлэлээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон гурав дахь удаагаа гэрлэлээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сүйт бүсгүй Кэрри Симондстой Лондон дахь Вестминстерийн сүмд өнгөрсөн амралтын өдрүүдэд хуримаа хийжээ. Хуримын үйл ажиллагаа маш цөөн зочинтой, нууцлаг болсон бөгөөд хосууд ирэх зун гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд дахин тэмдэглэх аж.

Өдгөө 56 настай Ерөнхий сайд Борис Жонсон 33 настай Кэрри Симондстой хэдэн жилийн өмнө танилцсан. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 29-нд анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд тухайн үед Борис Жонсон коронавирусийн халдвар авч эмнэлэгт хүргэгдэж байсан юм.

Энэ удаагийн гэрлэлт нь түүний гурав дахь удаагийн гэрлэлт. Тэрбээр анхны эхнэр Аллегра Мостын-Оуэнтай зургаан жилийн турш хамт амьдарсан ч харилцаандаа цэг тавьж хоёр дахь эхнэрт Марина Вилертэй гэрлэсэн байдаг. Улмаар 2018 оны есдүгээр сард  Марина Вилерээс албан ёсоор салж буйгаа зарлаж байжээ.

Түүний одоогийн эхнэр Кэрри Симондс нь 2012 онд Жонсоныг Лондон хотын захирагчаар ажиллахад сонгуулийн багт нь ажиллаж байсан юм.  

Эх сурвалж: CNN