БНСУ-ын кино театрууд дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд хөнгөлттэй үнээр үйлчилнэ

БНСУ-ын кино театрууд дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд хөнгөлттэй үнээр үйлчилнэ

Дэлхийн улс орон бүр коронавирусийн цар тахлыг давах гол арга замуудын нэг болсон дархлаажуулалтад иргэдээ идэвхтэй хамруулахын тулд өөр өөрсдийн аргаар төрөл бүрийн урамшуулал амласаар байна.

Энэ ажилд эрх баригчид төдийгүй хувийн хэвшлийнхэн ч оролцож байгаа юм. Тухайлбал, Өмнөд Солонгосын CGV, Lotte Cinema, Megabox зэрэг дотоодын мультиплекс кино театрууд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст 5000-6000 воны хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. 

Үүний дагуу COVID-19 вакцины эхний буюу хоёр дахь тунг хийлгэсэн иргэд вакцинжуулалтад хамрагдсан цахим гэрчилгээгээ үзүүлснээр  хамт яваа нэг хүнтэйгээ хөнгөлөлттэй үнээр кино үзэх боломжтой аж. Одоогийн байдлаар театр тус бүр 5000-6000 воны хөнгөлөлт үзүүлэхээр тогтсон байна. Megabox нь үйлчлүүлэгчдэд попкорн, ундаа тус бүрийг 2000 вон, 1000 воны тусгай үнээр худалдан авах давуу талыг олгож байгаа юм.

Энэ оны сүүл гэхэд сүргийн дархлаа үүсгэх Засгийн газрынхаа хүчин чармайлтыг дэмжих, цар тахал эхэлснээс хойш хоосорсон кино театруудад үйлчлүүлэгчдийг татах зорилготой энэ арга хэмжээ нь зургадугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх юм байна. 

Цар тахлын улмаас үзэгчдийн тоо эрс багассан тул хүнд хэцүү байгаа кино театрууд болон засгийн газар, аж үйлдвэрийн зүгээс COVID-ээс урьдчилан сэргийлж вакцин хийлгэхэд дэмжлэг үзүүлж буй  нь цагаа олсон шийдвэр болж байгааг онцолжээ. 

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Засгийн газар кино театруудыг дэмжин, иргэдийн дунд хямдралтай купонуудыг тараахаар төлөвлөж байгаагаа зарлаад байна. Одоогийн байдлаар Өмнөд Солонгост 6,35 сая хүн вакцинд хамрагдсан нь хүн амынх нь 12,4 хувийг эзлэж байгаа юм.

Эх сурвалж: hani.ko.kr