Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эдгээр өдрүүдэд ОХУ-д айлчилж байна. Айлчлалаараа ОХУ-ын гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцсон. Мөн Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах зарим арга хэмжээнд оролцож, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийнэ гэсэн хөтөлбөртэй явсан юм.
Энэ үеэрээ Улаанбаатарын төв цэгт байдаг Төрийн ордон, Чойжин ламын сүмийн дунд оршдог газрыг ОХУ-ын мэдэлд өгөх талаар ярилцсан гэх мэдээлэл байна.
Тэрбээр 2021 оны тавдугаар сарын 19-ны өдрийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр "Монгол улс, ОХУ-ын харилцаанд саад болж буй "Ленин" клуб болон түүний орчмын маргаан олон жил яригдаж байна. Үүнийг нийслэлийн төрийн захиргааны байгууллага, удирдлагууд онцгой анхааралдаа авах хэрэгтэй. Барилга хот байгуулалтын яамтай ярилцаж байгаад холбогдох нийслэлийн байгууллага, улсын бүртгэлийн газар, Газар зохион байгуулалтын алба хамтраад Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулах нь чухал байна" гэж ярьсан гэдэг.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ОХУ-ын эзэмшилд байгаа барилга, байгууламжийг Монголын талд шилжүүлэх ажил шат дараатай үргэлжилж байна. Үүний хүрээнд энэ сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багийн МОНТА гэх тодотголтой 3,4 дүгээр байрыг өмчлүүлэх шийдвэр гарч, өнгөрсөн тавдугаар сард тухайн оршин суугчдад эзэмшүүлэх эрхийн бичгийг гардуулсан.
Харин Гадаад харилцааны сайдын ОХУ-д өгнө гээд байгаа энэ газар нь Монгол улсын төр, түүх, тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг албаны хүмүүс түүхчид нэгэн дуугаар баталдаг.