У.Хүрэлсүх эхний шат, С.Эрдэнэ, Д.Энхбат нар хоёрдугаар шатыг зорьж, Х.Баттулга “цагаан сонголт”-ыг уриалж байна уу

У.Хүрэлсүх эхний шат, С.Эрдэнэ, Д.Энхбат нар хоёрдугаар шатыг зорьж, Х.Баттулга “цагаан сонголт”-ыг уриалж байна уу

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаа ирэх Даваа гараг буюу энэ сарын 07-ны өдрийн 24:00 цагт дуусгавар болж, Лхагва гараг /2021.06.09/-т санал хураалт болно.

-У.ХҮРЭЛСҮХ НЭГДҮГЭЭР ШАТАНД ЯЛАХ ЗОРИЛГО ТАВЬЖ БАЙГАА БОЛ С.ЭРДЭНЭ, Д.ЭНХБАТ НАР СОНГУУЛИЙН ХОЁРДУГААР ШАТ БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА УУ-

Тэгвэл МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгуулийн ирцийг хүргэж, нийт санал өгсөн иргэдийн 50 гаруй хувийн саналыг авч, эхний /нэгдүгээр/ шатандаа ялалт байгуулахыг зорьж байгаа бололтой. Тодруулбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдсөн. Улмаар 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр болсон эхний шатны санал хураалтаар дээрх нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 хувийн санал авч чадаагүй (Х.Баттулга- 38.64%, М.Энхболд- 30.75%, С.Ганбаатар- 30.61%) юм.

Ингээд хамгийн их санал авсан эхний хоёр хүн болох Х.Баттулга, М.Энхболдын нарын дунд 2017 оны долдугаар сарын 07-ны хоёрдугаар шатны санал хураалт явуулахад Х.Баттулга 50.6 хувийн саналаар ялалт байгуулж байсан билээ.

Иймд У.Хүрэлсүх хоёрдугаар шатны санал хураалт явуулах нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр нэгдүгээр шат буюу ирэх Лхагва гараг /2021.06.09/-т болох санал хураалтаар  50+1 хувийн санал авч ялалт байгуулахыг зорьж байгаа бололтой. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нар нэгдүгээр шатны санал хураалтаар У.Хүрэлсүхийг 50+1 санал авахуулахгүйгээр 2017 оны сонгуультай адил хоёр шаттай сонгууль болгох, Ингэсэн тохиолдолд С.Эрдэнэ, Д.Энхбат нарын хэн нэгэнд нь ялах боломж гарна гэж тооцож байж магадгүй юм.  

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ АСАН Н.АЛТАНХУЯГ “ЦАГААН СОНГОЛТ”-ЫГ СУРТАЛЧЛАХ БОЛОВ-

Тэгвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд хүчингүй/хоосон санал буюу “цагаан сонголт” 99 мянга хүрч байв. Учир нь “цагаан сонголт” хийсэн хүмүүс сонгуулийн ирцэд тооцогдох бөгөөд, харин нэр дэвшигчдийн хэнийг нь ч 50+1 хувийн санал авах боломжийг үгүй хийх аюултай юм.

Улмаар хоёр шатны санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь 50+1 санал авч чадаагүй тохиолдолд тус сонгуулийг хүчингүй болгож, нэр дэвшигчдийг дахин тодруулж, шинээр сонгууль зарлах нөхцөл бүрдэнэ гэдэг.

Тэгвэл энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд “цагаан сонголт” гэх улс төрийн акц, сурталчилгааг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний улс төрийн багаас хийж байж болзошгүй байна. Учир нь түүний зөвлөх асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хэрвээ таны сонгоё гэсэн нэр дэвшигч энэ гурван хүн дотор байхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 68.12-ын дагуу та хуудсыг аваад ямар нэгэн үзэг хүргэхгүйгээр хийхэд хуулийн дагуу цагаан сонголтыг хийж байгаа юм” хэмээн мэдээлэл хийж эхлээд байна. Мөн түүний энэ мэдээллийг АН-ын зарим гишүүд эсэргүүцэж, “Н.Алтанхуяг бол хор шаар” гэж мэдэгдээд байгаа юм. Учир нь Н.Алтанхуягийн “цагаан сонголт” гэх мэдээлэл нь хэрэв сонгууль хоёр шаттай болсон тохиолдолд С.Эрдэнийг нэгдүгээр шатанд ялагдуулах нөхцөлийг бүрдүүлж магадгүй юм. Тодруулбал, Н.Алтанхуяг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хандахад Сонгуулийн Ерөнхий хороо түүнийг хууль бус хэмээн бүртгэхээс татгалзсан билээ.