ЗАХИДАЛ: Нэгнээ "матаж" гадаад руу захидал явуулдаг Монголын спортын холбоодыг төлөөлж уулзалт хийхээс ИЧИЖ байна

ЗАХИДАЛ: Нэгнээ "матаж" гадаад руу захидал явуулдаг Монголын спортын холбоодыг төлөөлж уулзалт хийхээс ИЧИЖ байна

Гадаад харилцааны сайд асан, Швейцарь улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 02-ны өдөр /2021.06.02/ өөрийн цахим хуудаснаа “Олгой хагаравч тогоон дотроо гэж Монголын сайхан үг бий. Швейцарь дахь Олимпийн хороо, Сагсны холбооны төвөөр орохоос ичмээр. Монголчуууд маань уралдаад л бие, биеэ гадныханд матах юм. Үндэсний эв нэгдэл, үндэстний хувьд танайх их хэцүү болж дээ гадныхан сануулж байна” хэмээн бичжээ.

Тэрбээр ингэж ил мэдээлээд зогсохгүй Монголын үндэсний олимпын хороо руу захидал илгээжээ. Учир нь Швейцарьт олон улсын олимпийн хороо, дэлхийн хөлбөмбөг, сагсан бөмбөгийн холбооны төв гээд спортын томоохон байгууллагууд төвлөрдөг. Тиймээс тус улсад суух Монголын Элчин сайдын яам улсынхаа спортын холбоод болон тамирчдыг төлөөлөн  дээрх байгууллагуудтай уулзахад "хүндрэл" гарсан байна. Иймд Швейцарь дахь Монголын Элчин сайдын яамнаас саяхан Монголын олимпийн хороо болон Монголын биеийн тамир, спортын хороонд захидал ирүүлжээ. Захидалд нэлээд ноцтой асуудал, агуулгыг дурдсан байна.

-ОЛИМПИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ СОНГОХ НЬ ТАНАЙ ДОТООД АСУУДАЛ ХЭМЭЭГЭЭД “ЭНЭ ТАНАЙХААС ИРҮҮЛСЭН МАТААС ЗАХИДАЛ” ГЭЭД ОЛОН ХУУДАС ЦААС ХАРУУЛСАН-

Захидлыг бүрэн эхээр нь хүргэвэл,

Дэлхийн спортын нийслэл гэгддэг Швейцарын Лозанн хот дахь Олон Улсын Олимпийн хороо (IOC) болон бусад олон улсын спортын холбоодын төв түүний дотор Женевээс холгүй орших Миэ (Mies) хотод байрладаг Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) зэргийг Элчин сайдын хувьд хариуцан ажилладаг. Гэвч сүүлийн хэдэн жил Элчин сайдын хувьд Олон улсын олимпийн хороо, Сагсан бөмбөгийн холбоо зэрэгт очиж уулзахад ч бэрхтэй, ичмээр боллоо.

“Олгой хагаравч тогоон дотроо" гэж сайхан монгол үг байдагсан. Гэвч өнөө цагийн монголчууд маань уралдаад л бие, биеэ гаднынханд матаж бичиг цаас шидэх юм даа. “МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн агсаны талаар бараг өдөр бүр шахам бидэнд матаас ирэх юм. Энэ хүн ийм болохыг байчихсан хүн үү? Тийм бол Ерөнхийлөгчөө солих нь танай Үндэсний олимпийн хорооны дотоод асуудал. Бид оролцдоггүй” гэж Олон улсын Олимпийн хорооны удирдлага анх ирж уулзахдаа хэлж, туслах нь давхарлаж хураасан олон цаас харуулж, “Энэ танайханы зүгээс Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчөө матаж бидэнд ирүүлсэн имайл, албан бичгүүд” гэж байсан.

Энэ удаа Н.Түвшинбаяр аваргын хэрэг гарсан даруйд Гадаад яамнаас үүрэг өгсний дагуу Олон улсын олимпийн хороотой холбоо барьж, олимпийн медалийг хураах эсэх, Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн албан тушаалыг хэрхэх талаар байр суурийг нь тодруулсан. Олон улсын олимпийн хорооны гишүүн биш бол энэ хэрэг бидэнд хамаагүй. Хэрэг үйлдсэн бол хуулийн дагуу танайх дотооддоо, түүний дотор танай Үндэсний олимпийн хороо дотооддоо өөрсдөө шийдэх асуудал. Допингийн хэрэг биш бол олимпийн медалийг хураадаггүй гэснийг уламжилсан.

Энэ мэтээр дотоодын сонгууль, зодоондоо гаднынхан, олон улсын байгууллагын нэр барьж бие, биенээ хэмлэдэг асуудал монголчуудын дунд түгээмэл боллоо.

Швейцарт FIFA, FIDE, FIS гээд дэлхийн спортын холбоодын төвүүдийн дийлэнх нь байна. Спортын маш олон байгууллага болон зарим олон улсын байгууллагуудад ч ийм байдлаар монголчууд бие, биеэ матах явдал газар авсан. Сайн таньдаг гаднын зарим хүмүүс "Танай үндэсний эв нэгдлийн асуудал ихээхэн хэцүү болсон байна даа. Монголчуудыг нэгтгэдэг ирээдүйд хөтлөх үндэсний үнэт зүйл чинь чухам юу юм гэдэг дээр бодох цаг болж дээ" гэж нөхөрсөгөөр зөвлөж байсан. Монголчууд бид үндэсний эв нэгдэл, үндэсний зөвшил, үндэсний үнэт зүйлийн тухай дор бүрдээ тунгаан бодох хэрэгтэй байна даа" хэмээжээ.

-ХЭН ЯМАР ЗАХИДАЛ БИЧСЭН БЭ-

Монголын Үндэсний олимпийн хорооны хувьд удирдлагын маргаантай байж хоёр хуваагдаж ирсэн. Мөн сагсанбөмбөгийн холбоо ч хоёр талдаа гарсан. Цаашлаад Монголын үндэсний бөхийн холбоо, Чөлөөт бөхийн холбоо гээд хуваагдааж, тамга тэмдгээ булаацалдаагүй нь цөөн. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч спортын холбоод нь ийнхүү хоёр хуваагдаж цаашлаад энэ тухайгаа төв холбоод руу мэдэгдэх бие, биеэ унагах агуулга бүхий захидал бичиж явуулах зэрэг нь олон улсад биднийг “муухай” харагдуулаад эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндэсний олимпийн хорооноос гадна, сагсанбөмбөгийн холбоо, Чөлөөт бөхийн холбооноос биенээ матсан захидлыг Олон улсын олимпийн хороо руу явуулсан байна.

Ингэхдээ дотооддоо шийдэх асуудлаа гадагш цацаж, сүр дуулиан болсон гэсэн үг. Элчин сайд Л.Пүрэвсүрэнгийн мэдэгдлээс үзвэл Олон улсын олимпийн хороо Н.Түвшинбаярын асуудлаар дотооддоо шийдэх ёстой гэсэн байр, суурийг илэрхийлсэн нь тодорхой байна. Тэгэхээр Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатарын хэлсэн “Хэрэгт холбогдсон Ерөнхийлөгчдөө ямар нэгэн хариуцлага тооцохгүй бол ОУОХ-ны Ёс зүйн хороогоор хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн ташаа байх магадлалтай болж байна. Гэхдээ энэ нь Н.Түвшинбаярт хариуцлага тооцохгүй өнгөрнө гэсэн үг огтоос биш юм. Тэр хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой.

Бодит мэдээлэл нь Олон улсын олимпийн хороо уг асуудалд оролцох бодолгүй байна гэдэг нь Л.Пүрэвсүрэн сайдын захидлаас тодорхой байна.

Түүнээс гадна Монголын тамирчдыг Японы олимпт оролцуулахгүй гэх мэдээлэл ч дэгсдүүлсэн байх магадлалтай бөгөөд юун түрүүнд Н.Түвшинбаяр зүй ёсоор нь ажлаа хүлээлгэн өгч Үндэсний олимпийн хороо үйл ажиллагаагаа жигдрүүлэх шаардлага байгаа юм.