"Зөв ХҮН электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат Ковид 19 өвчний халдвар авснаа өнөөдөр /2021-06-05/ мэдэгдсэн. Нэр дэвшигч Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдан, эмчлүүлж байгаа аж.
Тэгвэл тэрбээр биеийн байдал болон сонгуулийн мэтгэлцээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Би мэтгэлцээнд орно гэж бодож байгаа. Мэтгэлцээнийг онлайнаар хийж болно шүү дээ. Олон уулзалт хийхдээ биш. Цаашид Монголын улс төрийн түүхэнд онлайн хэлэлцүүлэг хийх соёл тогтоовол яасан юм гэсэн бодол төрж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхэд гурван нэр дэвшигчээс гурвуулангаас нь PCR шинжилгээ авсан. Миний шинжилгээний хариу сөрөг гарсан учир орон нутаг руу сурталчилгаанд явахыг зөвшөөрсөн.
Би хөдөө КОВИД-19 тараасан биш, харин орон нутагт явж байгаад халдвар авсан бололтой гэдэг дүгнэлт хийж байгаа. Дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8-н хүртэл хатуу хөл хориотой байсан. Би хотоос 26 км газарт амьдардаг. Хөл хорио тавигдмагц тавдугаар сарын 8-нд вакцины эхний тунгаа хийлгэсэн.
Гуравдугаар сарын 15-нд манай компани “Спутник V” гэдэг вакцин хийлгэхээр Интермэд эмнэлэгт захиалга өгсөн байсан ч вакцин нь ирээгүй. Тиймээс би Синофармын вакцин хийлгэсэн. Дараагийн тун тавдугаар сарын 30-нд байсан. Тэр үед сонгуулийн сурталчилгаатай байсан учраас өндөр ачаалалтай үед тариулах нь буруу гэж эмч хэлсэн. Надтай хамт байж байгаа хүмүүс бүгд хоёрдугаар тунгаа хийлгэсэн. Сөрөг яваад ирэхдээ эерэг болно гэдэг нь халдвар авсан хүн нь би гэсэн үг. Тараасан нь биш" гэв.
М.Саранцэцэг