Н.Түвшинбаяр өөрийн биеэр ирж, тамгаа хүлээлгэж өгчээ

Н.Түвшинбаяр өөрийн биеэр ирж, тамгаа хүлээлгэж өгчээ

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр  Удирдах зөвлөлийн хуралдаа оролцоогүй бөгөөд тамгаа хүлээлгэж өгөлгүй Булганд очиж хэл, сураггүй болсон. Улмаар Олон улсын олимпын хороо руу “Намайг үргэлжлүүлэн ажиллахад туслаж өгнө үү” гэсэн утга бүхий захидал бичсэн талаар бид мэдээлсэн. 

Энэ талаар Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар зургадугаар сарын 2-нд мэдэгдсэн билээ. Тэрбээр “МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг ажлаас нь түдгэлзүүлсэн. Гэтэл хурал болж байх үеэр МҮОХ-ны тамга, тэмдгийг авч явсан. Энэ маргаан удаан үргэлжилбэл манай улсын тамирчид өөрийн улсын далбааг мандуулж чадахгүй, цагаан тугтай олимпод оролцох эрсдэл үүсэж болзошгүй. Олон улсын олимпын хорооноос "Энэ хүндээ яаралтай хариуцлага тооц гэсэн” гэж байсан юм.

Тэгвэл Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгаа буцааж өгчээ. Тэрбээр өөрийн биеэр тамгаа авчирж өгсөн байна. Мөн энэ талаар маргааш 11.00 цагт мэдээлж энэ үеэр Н.Түвшинбаяр ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөх аж. Олимп өнгөртөл Ч.Наранбаатар Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн ажлыг түр орлон гүйцэтгэх юм байна.