"Энэтхэгт гарсан үхлийн аюултай хар мөөгөнцөр өвчлөлийн ард чихрийн шижин байж болзошгүй"

"Энэтхэгт гарсан үхлийн аюултай хар мөөгөнцөр өвчлөлийн ард чихрийн шижин байж болзошгүй"

Коронавирусийн цар тахалд нэрвэгдсэн Энэтхэг улсад "мукормикоз" буюу ховор төрлийн, эрчимтэй тархдаг мөөгөнцрийн халдварын тохиолдол сүүлийн үед нэмэгдэх болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Энэтхэгт одоогоор  хар мөөгөнцөр өвчлөлийн 12,000 орчим тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь Ковид-19 тусаж эдгэсэн хүмүүс байжээ. Энэхүү хүнд хэлбэрийн халдвар нь маш ховор тохиолддог бөгөөд нас барах магадлал 50 хувьтай байдаг.

Зарим анагаах ухааны шинжээч Энэтхэгт чихрийн шижин өвчний тархалт өндөр байгаагаас энэ мөөгөнцрийн өвчлөл нэмэгдсэн гэж үзэж байгаа аж. 

Тодруулбал, одоогоор дэлхийн хэмжээнд Ковид-19 тусаад эдгэрсэн өвчтөнүүдийн дундаас мөөгөнцрийн халдвар авсан хүмүүсийн 94 хувь нь чихрийн шижин өвчтэй  байжээ. Хар мөөгөнцрийн тохиолдлын дийлэнх буюу 71 хувь нь Энэтхэг улсаас илэрсэн байна.

Ковидын цар тахлын өмнө дэлхийн 38 гаруй оронд хар мөөгөнцөр гэж нэрлэгддэг мукормикозын тохиолдол бүртгэгдэж байжээ. Олон улсын мөөгөнцрийн боловсролын тэргүүлэгч байгууллагаас мэдээлснээр Энэтхэг, Пакистан улсууд жилд 140 орчим тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан гэнэ.

Эх сурвалж: BBC