Хакерт өртсөн АНУ-ын компани барьцаа болгож төлсөн мөнгөнийхөө ихэнх хувийг буцаан авч чаджээ

Хакерт өртсөн АНУ-ын компани барьцаа болгож төлсөн мөнгөнийхөө ихэнх хувийг буцаан авч чаджээ

АНУ-ын шатахуун түгээлтийн “Colonial Pipeline” компани өнгөрсөн тавдугаар сард кибер халдлагад өртсөн билээ. Тодруулбал, үл мэдэгдэх хакерын бүлэг тус компанийн компьютерийн системийг барьцаалж мөнгө нэхсэн юм. Улмаар АНУ-ын зүүн эргийн бүс нутагт шатахууны нийлүүлэлт зогсож, үнийн хөөрөгдөл бий болсон. Үүнээс хэд хоногийн дараа “Colonial Pipeline” компани 4,4 сая ам.доллар хакеруудад төлж, системээ чөлөөлүүлсэн.

Тэгвэл өчигдөр/2021.06.07/ АНУ-ын Хууль зүйн яам барьцаа болгон төлсөн 4,4 сая ам.долларынхоо ихэнх хэсгийг биткоин хэлбэрээр буцаан авч чадсан гэж мэдэгдлээ.

Ерөнхий прокурорын орлогч Лиза Монако хэлэхдээ “хакеруудын онлайн дансанд шилжүүлсэн 63,7 ширхэг биткоиныг эргүүлэн авч чадсан бөгөөд биткоины одоогийн ханшаар тооцоход 2,3 сая ам.доллар болсон" гэжээ.

АНУ-ын Засгийн газар өмнө нь компаниудад энэ төрлийн хакерт өртсөн тохиолдолд мөнгө төлөхгүй байхыг анхааруулж байв. Түүнчлэн халдлагаас сэргийлж аюулгүй байдлын арга хэмжээгээ нэмэгдүүлэхийг уриалсан юм. Холбооны мөрдөн байцаах албанаас уг хакерууд ОХУ-ынх байх магадлалтай талаар мэдэгдсэн. Тиймээс Ерөнхийлөгч Жо Байден энэ сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахдаа “энэ асуудлаар ярилцах болно” гэжээ.

Эх сурвалж: BBC