Улсын II эмнэлэгт хэвтэж буй Д.Энхбат зөөврийн хайрцгаар саналаа өгчээ

Улсын II эмнэлэгт хэвтэж буй Д.Энхбат зөөврийн хайрцгаар саналаа өгчээ

“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат өнөөдөр 16:00 цагт саналаа өглөө. Түүний тухайд зургадугаар сарын 05-нд коронавирусийн халдвар авсан нь батлагдсан билээ. Одоо тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тиймээс тэрбээр саналаа зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өгсөн юм. 

Тэрбээр энэ үеэр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол Монгол Улсын улс төрийн, нийгмийн амьдралд болж байгаа томоохон үйл явдал. Тиймээс та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцож, Монгол Улсынхаа, хүүхэд залуусынхаа, ирээдүйнхээ төлөө сэтгэл зүрхээ сонсож, сонголтоо хийгээрэй гэж уриалж байна. Монгол Улсынхаа төлөө, хүүхэд залуусынхаа, ирээдүйнхээ төлөө сонголтоо хийцгээе гэж уриалж байна" гэлээ. 

-Таны болон эхнэрийн тань биеийн байдал ямар байгаа вэ?

-Бидний биеийн байдал их сайн байгаа. Эмч, сувилагч нар маш сайн ажиллаж байна. Бид эмнэлгийн горимыг дагаад бүх зүйлийг ном журмынх нь дагуу хийж байгаа. Ойрын хугацаанд эдгэрч гарна байх.

-Нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн болоогүй. Та ямар байр суурьтай байна вэ?

-Би Үндэсний олон нийтийн телевизэд очоод шилэн хоргоны цаанаас мэтгэлцээнд оролцоход бэлэн байсан. Дэлхий даяар онлайнаар ажиллаж байгаа. Тиймээс техникийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй байсан.