“Эрх зүйн зохицуулалт байхгүй” гэх шалтгаанаар халдвар аваад тусгаарлагдсан иргэд СОНГОХ ЭРХЭЭ өнөөдөр эдэлж чадахгүй

“Эрх зүйн зохицуулалт байхгүй” гэх шалтгаанаар халдвар аваад тусгаарлагдсан иргэд СОНГОХ ЭРХЭЭ өнөөдөр эдэлж чадахгүй

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь сонгуулийн санал хураалт эхэлж байна. Энэ удаагийн сонгууль өндөржүүлсэн бэлэн байдлын үед болж байгаа гэдгээрээ онцлог. Нөгөөтээгүүр, Монголчууд бид түүхэндээ анх удаа зургаан жилээр ажиллах Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. 

Сонгуулийн Ерөнхий хорооны мэдээлснээр “сонгогчдын нэрийн жагсаалтад 2,167,942 иргэн бүртгэгдсэн” байгаа юм. Үүнээс 25,619 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өчигдөр/2021.06.07/ санал өгчээ. Эдгээрийн 18,586 иргэн нь ердийн нөхцөлөөр буюу санал авах байранд ирэх боломжгүй/доор дэлгэрэнгүй дурдсан болно/, харин үлдсэн 7051 иргэн нь “covid-19” халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй, мөн хөнгөн өвчилж гэртээ тусгаарлагдаж буй иргэн байна.

Гэвч зургадугаар сарын 6,7,8-нд шинжилгээний хариу нь эерэг гарсан буюу халдвар авсан иргэд  саналаа өгч чадахгүй нь.

-ЭМЯ-НЫ МЭДЭЭЛСНЭЭР СҮҮЛИЙН ГУРАВ ХОНОГТ 3732 ХҮН ХАЛДВАРААР ӨВЧИЛЖЭЭ. МӨН СҮҮЛИЙН 24 ЦАГТ ХЭЧНЭЭН ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭ ЭЕРЭГ ГАРЧ СОНГУУЛИЙН ЭРХЭЭ “ХАСУУЛАХ” БОЛ-

...Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайн хуулийн 58.2. “Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадалгааг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ” гэж заажээ/гэрийн ажиглалтын түр журмын дагуу/. Хэрэв хуульд заасан хугацаанд хүсэлтээ өгөөгүй бол санал өгөх боломжгүй. Энэ дагуу санал авах өдрөөс гурван хоногийн өмнө буюу зургадугаар сарын 5-ны өдрийг хүртэл халдвар авсан иргэдийн санал өгөх хүсэлтийг авсан гэсэн үг. Харин үүнээс хойш халдвар авсан иргэд хуулийн хугацаанд заасан хүсэлтээ өгөх боломжгүй учраас ийнхүү санал өгөх эрхээ эдэлж чадахгүй хоцорч байна. Үүнийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран өчигдөр “эрх зүйн зохицуулалт байхгүй” гэж тайлбарласан юм.  

Тэгвэл энэ гурван хоногт хэдэн хүн халдвар авсан тоог эргэн харцгаая. ЭМЯ-ны мэдээлснээр

  • Зургадугаар сарын 6-ны өдөр 1288 хүн
  • Зургадугаар сарын 7-ны өдөр 1177 хүн
  • Өчигдөр буюу зургадугаар сарын 08-ны өдөр 1267 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Тэгэхээр 3732 иргэн сонгуульд санал өгөх эрхээ эдэлж чадахгүй байдалд орсон гэсэн үг. Мөн өчигдрийн ЭМЯ-ны мэдээллээс хойш хэчнээн хүний шинжилгээний хариу эерэг гарахыг бид мэдэхгүй. Тэдгээр иргэн мөн л хүсэлтээ өгөөгүй учир сонгуульдаа оролцож чадахгүй.

-ХҮСЭЛТ ГАРГАХ ЁСТОЙГ ГЭДГИЙГ МЭДЭЭГҮЙ ИРГЭД ЗУРГААН ЖИЛИЙН ТУРШ СОНГОХ ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ-

Хуульд заасны дагуу битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргах өдөр 6 дугаар сарын 1-нд дууссан. Харин гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь 6 дугаар сарын 5-ны дотор өөрийн харьяа сонгуулийн хэсгийн хороонд хүсэлтээ гаргах боломжтой. Гэвч хэчнээн иргэн уг хуулийг мэдээгүйн улмаас хүсэлт гаргаж чадаагүй эсэх нь эргэлзээтэй. Тодруулбал, зургадугаар сарын 02-ны өдөр халдвар авсан нь батлагдсан иргэн бидэнд хэлэхдээ “гэртээ тусгаарлагдаж байх хугацаанд хороо дүүргээс сонгууль өгөх хүсэлт гаргах талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Энэ талаар өчигдөр олон нийтийн сүлжээнээс мэдсэн учраас сонгуулиа өгч чадсангүй” гэсэн юм.  Харин Сонгуулийн Ерөнхий хорооноос энэ талаар тодруулахад “Хүсэлтийг эртнээс авдаг. Хүсэлтээ өгөх эсэх нь тухайн хүний эрх. Бидний зүгээс эрүүл мэндийн байгууллагууд болон шат шатны хорооны удирдлагуудад хүсэлт гаргах талаар мэдээлэхийг чиглэл болгосон. Мөн ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлаар, болон лавлах утсуудаар иргэдэд мэдээлэл өгсөн” гэсэн юм.

Тэгвэл сүүлийн 10 хоногт халдвар авсан иргэдийн тоог нарийвчлан гаргаж үзье. /Учир нь эрүүл мэндийн байгууллагуудаас хөнгөн өвчилж гэрээр тусгаарлагдаж буй иргэдэд 10 хоногийн дараа ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол тусгаарлалтаа дуусгахыг зөвлөдөг/.

  • Тавдугаар сарын 28-785
  • Тавдугаар сарын 29-769
  • Тавдугаар сарын 30-891
  • Тавдугаар сарын 31-927
  • Зургадугаар сарын 1-790
  • Зургадугаар сарын 2-1143
  • Зургадугаар сарын 3-1024
  • Зургадугаар сарын 4-1189
  • Зургадугаар сарын 5-1393
  • Зургадугаар сарын 6-1288 нийт 10,199 хүн халдвар авчээ. Сүүлийн 10 хоногт 10 мянга гаруй хүн халдвар авсан байхад битүүмжилсэн хайрцгаар 7051 иргэн санал өгсөн байгаа юм. Эндээс сүүлийн 10 хоногт халдвар авсан иргэдийн дунд саналаа өгч чадаагүй хүмүүс цөөнгүй байгааг харж болно.

Монголчууд анх удаа зургаан жилээр ажиллах Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Гэвч хэлж ирээгүй халдварын улмаас дээр дурдсан 3 мянга гаруй иргэн болон хүсэлт өгөх ёстойг мэдэлгүйгээр сонгох эрхээ хасуулсан иргэд  зургаан жилийн турш сонгох эрхээ эдэлж чадахгүй нь харамсалтай. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө