Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгсөн ч бэхэн тэмдэглэгээ хийлгэлгүй, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгсөн ч бэхэн тэмдэглэгээ хийлгэлгүй, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга 16:00 цагт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд очиж, саналаа өглөө. Тэрбээр хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгч байр, сууриа илэрхийлээгүй бөгөөл хуруундаа бэхэн тэмдэглээ хийлгээгүй юм. 

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр 07:30 цагт саналаа өгсөн бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 13:30 цагт саналаа өгсөн билээ. Мөн “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат өчигдөр буюу зургадугаар сарын 8-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн юм. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:40 цагт саналаа өгч “Сүүлийн 30 жил төрийн тэргүүн богино хугацаанд буюу дөрвөн жилээр ажиллаж ирсэн. Энэ удаа шинээр сонгогдох Ерөнхийлөгч зургаан жилээр ажиллах учир Монгол Улсад томоохон шинэчлэлт авчрах болов уу” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрог, 17-2 дугаар хэсгийн санал авах байранд 12:00 цагт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 11:40 цагт саналаа өгсөн юм.

Санал хураалтын ирц 16:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 32.78 хувьтай байна гэх мэдээллийг СЕХ-ноос өгсөн. Тодруулбал, нийт сонгогчдын 32 хувь буюу 665 мянга 938 иргэн саналаа өгөөд байгаа юм. Сонгуулийн санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд саналын хуудсыг гараар тоолж, автоматжуулсан төхөөрөмжийн дүнтэй тулгах юм.