Израил ангийн үс худалдаалахыг хуулиар хориглосон анхны улс боллоо

Израил ангийн үс худалдаалахыг хуулиар хориглосон анхны улс боллоо

Израил улс ангийн үс худалдахыг хуулиар хориглосон анхны орон боллоо. Дэлхий даяар олон сая амьтныг хөнөөдөг гэж үзсэн тул Израилийн Экологийн сайд Гила Гамлиэль ангийн үс худалдахыг хориглосон тушаалд гарын үсэг зурах үеэрээ мэдэгджээ. 

"Ангийн үсний худалдааны салбар дэлхий даяар олон сая амьтны үхлийн шалтгаан болж, зүйрлэшгүй хэрцгийгээр амьтдыг тамладаг" хэмээн Израилийн Экологийн сайд мэдэгдсэн байна. Шинээр баталсан хууль зургаан сарын дараа буюу 12 дугаар сараас хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Өмнө нь амьтныг хамгаалах энэ төрлийн шийдвэр гаргах оролдлого удаа дараа хийж байсан ч Израилийн улс төрийн хүчнүүд шашны асуудлаас болж эсэргүүцэж байсан юм.

Израильд Байгаль, цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах газар ангийн үсний импорт, экспортын зөвшөөрлийг олгодог юм байна. Экологийн сайдын баталсан хуулийн  нэмэлт өөрчлөлт нь энэ эрхийг хязгаарлах хэдий ч олон талаар "бэлгэдлийн шинж чанартай" гэж "Times of Israel" онцолжээ. 

Мөн амьтны эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  PETA байгууллага энэхүү шийдвэрийг "түүхэн шийдвэр" хэмээн цохон тэмдэглэжээ.

 

                                                                                            Эх сурвалж: https://www.timesofisrael.com/