Гуанжоу хот мутацилагдсан коронавируст халдварын голомтыг 27 хоногийн дотор хумьж чаджээ

Гуанжоу хот мутацилагдсан коронавируст халдварын голомтыг 27 хоногийн дотор хумьж чаджээ

Өнгөрсөн тавдугаар сарын 21-нд БНХАУ-ын Өмнөд хэсэгт орших Гуанжоу хотод коронавирусийн дельта буюу Энэтхэг мутацийн анхны тохиолдол бүртгэгдсэн юм. “Дэлхий дахин халдварлах чадвар өндөр” хэмээн дүгнэж буй уг мутаци орон нутгийн эрх баригчдыг багагүй сандралд оруулж, шуурхай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Тэгвэл халдварын шинэ голомтыг 27 гаруй хоногийн дараа хумьж чаджээ. Тодруулбал, сүүлийн 24 цагт тус хотод дахин шинээр халдвар бүртгэгдээгүй байна.

Орон нутгийн эрх баригчид ямар арга хэмжээ авав. Мутацилагдсан халдварын тохиолдол бүртгэгдсэн эхний өдөр Гуанжоугийн баруун хэсэгт орших Ливан дүүрэгт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон.

Хөл хорио тогтоосон хэсгүүдэд онц шаардлагагүй бол нэвтрэх, мөн гарахыг хориглосон байна. Мөн ресторан, баар гэх мэт үйлчилгээний газруудыг түр хугацаагаар хааж хоол үйлдвэрлэлийн салбарыг зөвхөн хүргэлтээр үйлчлэхийг зөвшөөрөв.

Нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагынхан гудамжнуудад өргөн хүрээтэй шинжилгээний ажил зохион байгуулсан юм. Сүүлийн хоёр долоо хоногт гэхэд хэдэн арван сая хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулжээ. Үүний зэрэгцээ цагдаагийн байгууллагаас иргэдэд давхар шаардлага тавьж эхэлсэн бөгөөд амны хаалт зүүгээгүй, шинжилгээ өгөхөөс татгалзсан хүмүүсийг торгох, саатуулах гэх мэт арга хэмжээ авч ажилласан байна.

15 сая хүн амтай тус хотын ихэнх иргэн энэ хугацаанд шинжилгээнд хамрагджээ

Шинээр халдвар бүртгэгдээгүй нь эдгээр арга хэмжээний нааштай үр дүн болж байгаа учраас эрх баригчид цаашид ч энэ чигээрээ ажиллаж орон нутгийн эдийн засгийг бүрэн сэргээж чадна гэж үзэж байна.

Эх сурвалж: CNBC