"Олон төрсөн жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусийн халдвараар хүндрэх эрсдэлтэй байна”

"Олон төрсөн жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусийн халдвараар хүндрэх эрсдэлтэй байна”

Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өглөө.

Тэрбээр "Халдваргүй жирэмсэн болон халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг харьцуулбал эхийн эндэгдэл зарим улсад хоёр дахин нэмэгдсэн байна. Харин манай улсад одоохондоо нэг хувьд хүрэхгүй байгаа ч цаашид сэргийлэх ёстой.

Коронавируст халдварын хүнд хэлбэрээр 35-аас дээш насныхан илүү их өвдөж байна. Мөн жирэмсний 28-32 долоо хоногтой эхчүүд халдвар авсан тохиолдолд хүндэрч байгаа тул энэ үед онцгой анхаарах шаардлагатай. Жирэмсний 28-32 долоо хоногт тухайн эмэгтэйн амьсгалын зам болон зүрх судасны тогтолцоо маш их ачаалалтай үе байдаг тул өвчин хүндрэхэд нөлөөлж буй нэг хүчин зүйл болж байна.

Түүнээс гадна жирэмсний чихрийн шижинтэй бол хүнд хэлбэрээр өвдөх нь 66.1 хувьтай байгаа юм. Мөн ихэр хүүхэд тээж буй болон олон төрсөн жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэх эрсдэлтэй байгааг анхаарах ёстой.

Халдварт өртсөн жирэмсэн болон жирэмсэн биш эмэгтэйчүүдийг харьцуулахад жирэмсэн эмэгтэйчүүдэд эрчимт эмчилгээ шаардагдах, зохиомол амьсгал хийгдэх тохиолдол илүү өндөр хувьтай байгаа. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд цар тахлын өмнөх үеэс 70 орчим хувиар сэтгэл гутралын түгшилттэй болсон гэх судалгаа бий. Энэ нь жирэмсний болон төрөх явцад сөргөөр нөлөөлнө гэж үзэж буй. Тиймээс халдварын шинж тэмдэг илэрсэн жирэмсэн эмэгтэй маш яаралтай хяналтын болон ерөнхий эмчдээ хандаж эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Түүнээс биш дур мэдэн ямар нэг эмчилгээ хийхгүй байхыг зөвлөж байна.

Түүнчлэн тэрбээр "Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусийн халдвараар өвчилж, хүндрэх эрсдэл их байна. Иймд жирэмсэн эхчүүд дараах зөвлөмжийг дагах хэрэгтэй байна.

  • Шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх,
  • Гараа савантай усаар угаах, спирт агуулсан гар ариутгагчаар ариутгах
  • Амны хаалт зүүх
  • Хүн хоорондын зай барих
  • Найз нөхөд, ах дүүтэйгээ утас болон цахим сүлжээгээр холбогдох, гэртээ хүн урихгүй байх,
  • Өвчтэй хүмүүсээс аль болох хол байх
  • Ажил олгогч нар жирэмсэн эмэгтэйчүүдийг гэрээсээ ажиллах боломжоор хангах
  • Дархлаажуулалтад хамрагдах зэрэг зүйлс орно.
  • Жирэмсэн эхчүүд олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг зөвлөе. Учир нь халдварын 50 орчим хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр явагдаж буй тул бидний дунд хэн халдвар авсан нь мэдэгдэхгүй.​

Мөн шинж тэмдэгтэй мөртлөө халдвар хамгааллын дэглэмээ барихгүй яваа хүн ойр байгааг байнга анхаарах ёстой. Түүнээс гадна хүн хоорондын зай барих асуудал өнөөдөр Монголд хэрэгжихгүй байна. Тиймээс ч халдварын тохиолдол буурахгүй, өдөр ирэх тусам нэмэгдсээр байна" гэв. 

 

 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө