Эрсдэлтэй Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас ЭМД, НДС-ийн мөнгөө татахыг анхааруулав

Эрсдэлтэй Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас ЭМД, НДС-ийн мөнгөө татахыг анхааруулав

УИХ-ын Ниймгийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг хийв.Энэ үеэр Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцуулсан юм.

Энэ үеэр Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Аудитын дүгнэлтэд төлбөрийн чадвар буурсан нэр бүхий хоёр банкинд ЭМДС, НДС-гийн нийт 161.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө байршуулсан нь төлбөр барагдуулах, зарлагын гүйлгээ, гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлтүүд хийгдээгүй, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, сангийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах, хүүгийн орлого олох боломж алдагдаж, байршуулсан мөнгө хөрөнгөд эрсдэл үүсч байна гэж дүгнэсэн байна. Энэн дээр илүү тодруулж асуумаар байна. Яг ямар хоёр банкин дээр асуудал байна?

-Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.НаранчимэгТөлбөрийн чадвар буурсан хоёр нэр бүхийн арилжааны банкинд байршуулсан мөнгө ирүүдэйд бүрэн дүүрэн орж ирэх учиртай тул тайлан тооцоо, аудитад тусгаж, зөвлөмж өгсөн. Энэ хоёр банк бол Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө  оруулалтын банк байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкин дээр байгаа мөнгөө нэхэмжлэн шүүхийн байгууллагад хандсан. Энэ нэхэмжлэлийн дагуу ЭМДС, НДС-гийн мөнгийг буцаан авах  талаар үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн ЭМЯ болон Сангийн яам руу албан тоот хүргүүлсэн. 

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: Эрсдэлтэй гэж байгаа хоёр банкнаас төрийн байгууллагууд мөнгө хөрөнгө татаж авахыг аудитын байгууллагаас ч, Сангийн яамнаас ч холбогдох газруудад нь анхааруулж албан бичиг илгээсэн. Банкууд төрийн мөнгөн хөрөнгө байршуулах, ялангуяа ЭМДС, НДС-гийн эх үүсвэрийн талаар яригддаг. Үндэсний зөвлөл нь хүүгийн орлого олно гэж үзээд мөнгөө арилжааны банкуудад байршуулчихдаг. Сангийн яамнаас баталсантөрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийг арилжааны харилцах данс болон мөнгөн хадгаламжид байршуулах журам бий. Энэ журамд системийн гэгддэг том банкуудад данс болон мөнгөн хөрөнгийг байршуулахыг зөвлөдөг. Үүнийг төсвийн ерөнхийлөн захирагч болон Үндэсний зөвлөлийнхөн хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл энэ хэрэгжээгүйгээс татвар төлөгчдийн мөнгө эрсдэлд орж байна. Хоёр банктай холбоотой асуудал олон жил яригдаж, бараг найдваргүй болсон учраас нэг талдаа гарч шүүхээр шийдүүлье гээд явж байна.